Газын зурвасын Хан Юнис хот дахь Европын эмнэлэг болон эмнэлгийн ойр орчимд Израилын байлдааны сөнөөгч онгоцууд агаараас бөмбөгдсөний улмаас 28 хүн амь үрэгдсэн талаар Хамасын удирдлаган доорх иргэний хамгааллын агентлагийн зүгээс мэдээлжээ. Өмнө нь Израилын цохилтод өртөж, тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан Палестины нэрт гэрэл зурагчин, фото-сэтгүүлч Хассан Аслих мөн
Израилын байлдааны сөнөөгч онгоцууд тухайн эмнэлгийн ойр орчимд нийт 6 бөмбөг хаясан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийг Хан Юнис хотын Нассер эмнэлэгт хүргэжээ. Нассер эмнэлгийн түргэн тусламжийн тасаг мөн орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө цохилтод өртсөн тул хүн хүч, эм бэлдмэл, тоног төхөөрөмжийн дутагдалтай, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал тун хүнд байгаа ажээ.
Израилын зэвсэгт хүчин болон Израилын аюулгүй байдлын албаны зүгээс гаргасан хамтарсан мэдэгдэлд тухайн эмнэлгийн доор үйл ажиллагаа явуулж байсан Хамас бүлэглэлийн террористуудын удирлага/хяналтын төвд Израилын арми “оновчтой цохилт” үзүүлсэн гэжээ.
Түүнчлэн Хамас бүлэглэлийг Газын зурвасын эмнэлгүүдийн барилга байгууламжийг өөрсдийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашиглаж байгаа талаар мэдэгдсэн байна.
Харин Израилын хэвлэлүүдэд дээрх агаарын цохилтыг Хамас бүлэглэлийн толгойлогч агсан Яаяа Синварын төрсөн дүү болох Мохаммед Синварыг устгах зорилготой байсан талаар мэдээлсэн бол Хамас бүлэглэлийн зүгээс энэ тал дээр ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Мохаммед Синварыг Хамас бүлэглэлийн зэвсэгт хүчний удирдлагыг авсан гэж үзэж байгаа юм.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой Газын зурвасаас хоёр пуужин харвасныг агаарт амдан устгасан талаар мөн Израилын армийн зүгээс мэдэгдсэн байна. Израилын зүг дээрх пуужингуудыг харвасан гэдгээ Исламын Жихад зэвсэгт бүлэглэлийн зүгээс хүлээсэн байна.