Канадын реппер Tory Lanez-ийг хутгалсан хэргийн сэжигтэнг ил болгон зарласан байна.
АНУ-ын Калифорни мужийн Техачапи хот дахь Калифорнийн засан хүмүүжүүлэх газарт хоригдож байсан реппер Tory Lanez даваа гарагт 14 удаа хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн юм.
Тэгвэл түүнийг хутгалсан этгээд нь 41 настай Сантино Касио гэгч, хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан алуурчин болохыг албаныхны зүгээс мэдээлжээ. Тэрээр 2004 оны 2-р сард Лос Анжелесийн тойргийн түр хорих газраас Калифорнийн засан хүмүүжүүлэх газарт шилжин ирж байсан бөгөөд шоронд байх хугацаандаа ч зэвсэгт халдлага үйлдэн, ялын хэмжээгээ 8 жилээр нэмүүлж байжээ.
Дээрх шоронгийн зүгээс мөн реппер Tory Lanez-ийг хутгалсан хэргийг мөрдөн шалгах хүрээнд сэжигтэн Сантино Касиог ганцаарчилсан тусгай өрөөнд байрлуулан хорьж байгаа талаараа мэдээлсэн байна.
Реппер Tory Lanez ар нуруу, бие, толгой, нүүрэн тус газартаа нийт 14 удаа хутгалуулсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэний дараа биеийн байдал нь харьцангуй сайжирсан байна.
Өдгөө 32 настай реппер Tory Lanez-ийн жинхэнэ нэрийг Дейстар Петерсон гэдэг бөгөөд тэрээр 2020 онд нэгэн үдэшлэгийн үеэр туханй үедээ үерхэж байсан реппер Megan Thee Stallion руу гал нээж буудсан хэргээр 10 жил хоригдох ял шийтгэл авсан юм.