Францын нэрт жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхээс ял сонслоо


Францын нэрт кино жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхээс хорих ял сонслоо.

Парис хотын шүүх мягмар гарагт жүжигчинд 18 сар хорих ял оноосон байна. Шүүх түүнийг 2021 онд Парис хотноо явагдсан кино зураг авалтын үеэр кино багийн хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутай гэж үзэн дээрх ялыг оноожээ.

Тодруулбал, кино багийн туслах найруулагч болон хувцасны мэргэжилтэн эмэгтэйг хүчирхийлсэн нь баримтаар нотлогджээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулах үеэр Жерар Депардье шүүх танхимд байгаагүй бөгөөд түүнийг Португалийн Азорес арал дээр кино зураг авалтад оролцож байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээд байна.

Өдгөө 76 настай жүжигчин Жерар Депардье түүний эсрэг гомдол мэдүүлсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Ж.Депардье-гийн эсрэг гомдол гаргасан хувцасны мэргэжилтэн Амели шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ нь түүний хувьд амьдралаа цааш нь үргэлжлүүлэхийн төлөөх “томоохон ялалт” байлаа хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна.

Дээрх хоёр эмэгтэйн өмгөөлөгч Карин Дюрро-Дьебол мөн “энэ удаагийн шүүхийн шийдвэр нь энэ төрлийн хэрэгт холбогдсон кино урлагийн салбарынхан ял шийтгэл хүлээлгүй өнгөрдөг явдлыг зогсоож, дуусгавар болгоно гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *