Мягмар гарагт Хятадын шүүх тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр Япон улсын иргэнд 12 жил хорих ял оноожээ.
Энэ талаар Хятадын Шанхай хот дахь Японы ерөнхий консулын газраас мэдээллээ.
Хятадын эрх баригчид Япон улсын иргэн болох 50 орчим насны эрэгтэйг анх 2021 оны 12 сард Шанхай хотноо саатуулж, улмаар 2022 оны 6-р сард албан ёсоор баривчилж, 2023 оны 10-р сараас түүний шүүх хурал эхэлж байсан ажээ.
Шанхай дахь Японы ерөнхий консул Масару Окада болон тус консулын газрын албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг танилцуулахад шүүх танхимд байлцсан боловч хувь хүний нууцийг хамгаалах үүднээс энэхүү хэргийн талаар олон нийтэд задруулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй гэдгийг тайлбарласан байна.
Мягмар гарагт шүүхийн шийдвэрийг танилцуулахтай зэрэгцээд Бээжин хот дахь Японы ЭСЯ-наас БНХАУ-ын ГХЯ-нд хандаж, тус улсад саатуулагдаж буй Япон улсын иргэдийг суллаж явуулах болон шүүх үйл явцыг ил тод, нээлттэй явуулах, саатуулагдаж буй иргэдэд хүмүүнлэг хандах зэрэг шаардлагыг дахин тавьсан байна.
БНХАУ 2014 онд тагнуулын үйл ажиллагааны эсрэг шинэ хуулийг батлан танилцуулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш Япон улсын олон иргэн тагнуулын хэргээр Хятадад саатуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар Япон улсын 17 иргэн тагнуулын хэргээр тус улсад саатуулагдсан байдалтай байгаа ажээ.
Мягмар гарагт хорих ял сонссон, нэрийг нь нууцалсан дээрх эрэгтэй нь тагнуулын хэргээр Хятадад хорих ял шийтгэл авсан Япон улсын 11 дэх иргэн болж байна.