Jeju Air компанийн онгоцны ослоор амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэн гомдол гаргажээ


Өнгөрсөн оны 12-р сард болсон Jeju Air компанийн онгоцны ослоор амь үрэгдсэн зорчигчдын гэр бүлийнхэн тус компанийн гүйцэтгэх захирал, БНСУ-ын тээврийн сайд, Муан олон улсын нисэх онгоцны буудал болон иргэний агаарын тээврийн салбарын холбогдох нэр бүхий албан тушаалтнууд гэх зэрэг нийт 15 хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх гомдлыг мягмар гарагт шүүхэд гаргажээ.

Ослоор нийт 179 хүн амь үрэгдсэн бол 72 зорчигчийн ар гэрийнхэн хамтран дээрх гомдлыг гаргаад байгаа ба тэдний зүгээс “осол зүгээр нэг энгийн тохиолдол байгаагүй, харин болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй мэргэжлийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гамшигт золгүй явдал байсан” хэмээн үзэж, ослын шалтгааныг илүү нарийвчлан сайтар судлахыг шаарджээ.

Ослоос хойш 5 орчим сарын хугацаа өнгөрч байхад эрх баригчдын зүгээс онгоцны ослын шалтгааныг олж тогтоох, мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм.

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын зүгээс Jeju Air-ын гүйцэтгэх захирал Ким И Бэ-д хилийн хориг тавих арга хэмжээг аваад байгаа ч дээрх ослын хэргийн яллагдагч одоог хүртэл татагдаагүй байгаа билээ.

Эргэн сануулахад, 2024 оны 12-р сарын 29-ний өдөр Jeju Air компанийн Бангкок-Муан чиглэлийн Боинг 737-800 онгоц БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудалд газардахын өмнөхөн шувуутай мөргөлдөж, ослын буулт хийх тухайгаа мэдэгдэж, улмаар нисгэгчид онгоцны дугуйг гаргалгүй элгээр нь газардуулахыг оролдсон боловч газардах талбайн бетон хаалтыг мөргөн дэлбэрч шатсанаар тус онгоцонд байсан 181 хүнээс ердөө 2 хүн амьд гарч, бусад нь амиа алдсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *