Ойрхи Дорнодын улс орнуудаар албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Саудын Арабын айлчлалаа лхагва гарагт өндөрлүүлж, үргэлжлээд мөн өдөр Катар улсад эхлүүлсэн айлчлалынхаа үеэр хоёр улсын хамтын ажиллагааны багц гэрээг үзэглэсэн байна.
Тэрээр лхагва гарагт Катарын нийслэл Доха хотноо тус улсын эзэн хаан буюу шейх Тамим бин Хамад Аль Танитай уулзаж, дараагаар нь талууд нийт 243.5 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны багц гэрээнд гарын үсэг зуржээ.
Хамтын ажиллагааны эдгээр багц гэрээний дотор Катар улсын иргэний агаарын тээврийн Qatar Airways компани Америкийн Боинг компаниас 210 хүртэлх тооны онгоц захиалан, худалдаж авах 96 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ багтсан бөгөөд уг гэрээг д.Трамп “Боинг компанийн түүхүэн дэх хамгийн өндөр дүнтэй захиалга юм” хэмээн тодотгосон бол Цагаан ордны зүгээс зөвхөн энэ гэрээний ачаар АНУ-д 1 сая ажлын байрыг дэмжих болно гэжээ.
Үүнээс гадна Parsons гэх зэрэг технологийн компаниудтай хамтран ажиллах нийт 97 тэрбум ам.долларын бүлэг гэрээ, АНУ-аас нэн шинэ үеийн зэвсэг техник худалдаж авах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг олон тэрбум ам.долларын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгууллаад байна.
Хамтын ажиллагааны баримт бичигт мөн Катар улсын АНУ-д хийж буй батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг “хурдасгах”, Катар улс АНУ-ын General Atomics компанийн дронууд болон Raytheon компанийн дрон эсэргүүцэгч, устгагч системийг худалдан авах хэлэлцээрийг нарийвчлан тусган оруулжээ.
Цагаан ордноос АНУ, Катарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны багц гэрээ хэрэгжиж эхэлснээр “хамгийн багадаа 1.2 их наяд ам.долларын эдийн засгийн солилцоог бий болгоно” хэмээн мэдэгдээд байна.
Уулзалтын үеэр талууд Украины дайны асуудал болон Иран улстай холбоотой “сонирхолтой нөхцөл байдал”-ын талаар ярилцлаж, санал солилцсон талаараа Д.Трамп уулзалтын дараа мэдээлжээ.