Биеийн тамирын арга зүйч нар Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ


Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах хэд хэдэн ажлын саналыг харилцан ярилцаж тохиролцов.

Талууд биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласаны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, төрийн ажилтан албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд дэмжин ажилласан ажлын өгөөжийг цохон тэмдэглэж, цаашид орон нутагт ажиллаж буй биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх талаар санал нэгдлээ.

БТСУХ-ны дарга Э.Билэгт “нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлж, Япон улсад Азийн зуны спортын наадам болох тул зарим төрлөөр хамтарсан бэлтгэл сургуулилт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ”.

Биеийн тамир, спортын улсын хороо, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой хамтран чөлөөт бөх, сагсан бөмбөгийн 3х3, пара хөнгөн атлетик, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчдыг зуны олимп, паралимпын өмнөх бэлтгэлжилтийг хангах ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн 2018, 2019 онуудад биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчдын “Япон улс дахь нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, спортын арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *