Пүрэв гарагт Турк улсад явагдах Орос-Украины энхийн яриа хэлэлцээний өмнө Турк болон Украин улсын гадаад хэргийн сайд нар уулзсан байна.
Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан, Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига нарын уулзалт лхагва гарагт Туркийн Анталья хотноо явагджээ.

Туркийн төрийн мэдлийн Анадолу агентлагийн мэдээлснээр Турк улс энхийн гэрээг байгуулахын төлөө зуучлах, яриа хэлэлцээ хийх гэх зэрэг бүх төрлийн дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн гэдгийг Х.Фидан Украины гадаад хэргийн сайдад хэлсэн байна.
Уулзалтын дараа А.Сибига өөрийн X хуудсанд бичсэн нийтлэлдээ “миний бие Украин улсын энх тайвны төлөөх хүчин чармайлт, аливаа болзолт нөхцөлгүйгээр урт удаан хугацаанд, нэн даруй бүрэн гал зогсооход бэлэн байгаа гэдгээ, түүнчлэн Украин, Оросын хооронд дээд түвшний шууд уулзалт хийх саналтай байгаагаа дахин нотолсон” хэмээн бичжээ.
Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинтай шууд хэлэлцээг сэргээж, 5-р сарын 15-нд Истанбулд уулзах санал тавьсан юм. Мөн өдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский Истанбулд Путинтэй биечлэн нүүр тулан уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Гэвч энэ долоо хоногийн дундуур Турк улсад явагдах хоёр талын уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцохгүй гэдэг нь тодорхой болсноос гадна лхагва гарагт Кремлийн зүгээс уулзалтад оролцох Оросын баг төлөөлөгчдийг зарлан танилцуулсан юм.
Түүнчлэн лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, Оросын төлөөлөгчид удахгүй болох яриа хэлэлцээнд улс төр, техникийн асуудлуудыг хөндөх бөгөөд цаашдаа хэлэлцэх асуудлын дарааллаар төлөөлөгчдийг сонгох болно гэсэн байна.