ОХУ энхийн яриа хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн нэрсийг зарлав


Өнөөдөр (2025 оны 5-р сарын 15) Туркийн Истанбул хотод явагдах энхийн яриа хэлэлцээнд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийн нэрсийг лхагва гарагт албан ёсоор зарласан байна.

Энэ нь Украины дайн эхэлсний дараахан Турк улсад явагдаж байсан энхийн яриа хэлэлцээнээс хойш, өнгөрсөн 3 жилийн хугацаан дахь Орос-Украины анхны өндөр дээр түвшний уулзалт хэлэлцээ болох гэж байна.

Москваг төлөөлж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зөвлөх туслах Владимир Мединский, ОХУ-ын гадаад хэргийн дэд сад Михайл Галузин, ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, цэргийн тагнуулын албаны дарга Игорь Костюков нар уулзалтад оролцоно гэдгийг Кремлийн зүгээс мэдэгджээ. 

Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн В.Путинтай нүүр тулсан уулзалт хийхийг удаа дараа санал болгож, уриалсаар байсан Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хүсэлт талаар өнгөрч, энэ удаагийн энхийн яриа хэлэлцээнд ОХУ-ын ерөнхийлөгч оролцохгүй нь тодорхой боллоо.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленскийг Туркийн нийслэл Анкара хотыг зорьж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай уулзах талаар Ройтерс зэрэг мэдээллийн агентлагууд мэдээлж байна.  

Олон улсын ажиглагч, шинжээчдийн зүгээс энэхүү яриа хэлэлцээнд оролцох нь Украин улс энхийн гэрээ байгуулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад ахин батлан харуулах болно, харин хоёр улсын төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалт явагдах магадлал тун бага, учир нь Украины ерөнхийлөгчтэй уулзаж, яриа хэлэлцээ явуулах нь Путины хувьд доромжлол гэж үзэх учир шууд уулзалт явагдахгүй болов уу гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Путин, Зеленский нар хамгийн сүүлд 2019 оны 12-р сард уулзаж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэрвээ Туркийн уулзалтад В.Путиныг биечлэн ирж оролцвол өөрөө ч мөн оролцож магадгүй гэсэн утгатай үгийг лхагва гарагт хэлээд амжсан. Пүрэв гарагийн яриа хэлэлцээнд мөн АНУ төлөөлөгчдийн багаа явуулахаар болсон байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт Туркийн Анкара хотноо улсад хүрэлцэн очсон бөгөөд тэрээр пүрэв гарагт НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайдуудтай уулзах бол баасан гарагт Истанбул хотод зохиогдох Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, Украины дайны асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *