Тайвань АНУ-ын нийлүүлсэн HIMARS пуужингийн системийг туршжээ


Тайванийн зэвсэгт хүчин АНУ-ын нийлүүлсэн цоо шинэ HIMARS пуужингийн системийн туршилтыг энэ долоо хоногийн эхээр анх удаагаа амжилттай явуулсан байна.

High Mobility Artillery Rocket Systems буюу HIMARS хэмээх пуужингийн туршилтыг тус арлын өмнөд хэсгийн Пинтун тойрог дахь Жюпень дахь туршилтын төвд энэ долоо хоногийн даваа гарагт явуулсан бөгөөд нийт 33 пуужинг 12 км-ийн зайд орших байг онилон харважээ.

HIMARS нь цэргийн машин техник дээр байршуулан суулгадаг пуужин харвах систем бөгөөд хөдөлгөөнт байдал болон байндаа оновчтой тусах хүчин чадлаараа алдартай байлдааны техник юм.

Уг системийг Украин улс Оросын довтолгооны эсрэг өргөн хэмжээгээр ашигладаг бол Тайванийн хувьд эх газрын Хятадын болзошгүй дайралтаас сэргийлэх үүднээс АНУ-аас худалдан аваад байгаа ажээ.

Тодруулбал, Тайвань арал нь Америкийн зэвсэг үйлдвэрлэгч Lockheed Martin компанид нийт 29 ширхэг HIMARS пуужингийн системийн захиалга өгснөөс өнгөрсөн жил 11 ширхэгийг хүлээн авсан бол ирэх жил дараагийн нийлүүлэлт болох ахин 18 ширхэг HIMARS пуужингийн системийг хүлээн авах юм байна.

АНУ нь албан ёсны дипломат харилцаагүй хэдий ч Тайванийн хамгийн том, чухал зэвсэг нийлүүлэгч орон юм.

Тайванийн ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газар тус арлыг өөрийн засаг захиргааны нэг хэсэг гэж үздэг БНХАУ-ыг няцааж, зөвхөн арлын ард түмэн л ирээдүйгээ шийдэж чадна гэж мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *