Өнгөрсөн жил томоохон алдагдал хүлээсэн Их Британийн тансаг эдлэл, хувцас загварын Burberry компани төсөв, зардлаа бууруулахын тулд 2027 он гэхэд 1700 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгдлээ.
2024 оны санхүүгийн жилд 66 сая ам.долларын алдагдал хүлээсэн Burberry компани лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ олон улсын хэмжээн дэх нийт ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгохоор төлөвлөсөн гэжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Жошуа Шульманы хэлснээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа компанийн төв оффисын ажилтнууд энэхүү цомхотголд түлхүү хамрагдахаас гадна мэдээж ихэнх ажилтнууд нь Их Британид байрладаг гэдэг утгаараа дотоодын ажилтнууд ч мөн олноороо халагдах тухай хэлсэн байна.
Ялангуяа Их Британийн Уэст Йоркшайр тойргийн Кэстлфорд хот дахь үйлдвэрийн ажилтнууд цомхотголд хамрагдахаас гадна тус үйлдвэрийн шөнийн ээлжийг бүрмөсөн халж, зогсоохоор болсон ба үүнийгээ хэт үйлдвэрлэлээс татгалзаж байгаа хэмээн тайлбарлажээ.
Burberry компани өнгөрсөн оны 11-р сард төсөв, зардлаа жилд 40 сая ам.доллароор бууруулах хөтөлбөр зарлаж байсан бол нэмээд 1700 ажилтнаа цомхотгосноор 2027 оны хавар гэхэд зардлаа жилд 100 сая ам.доллароор хэмнэх төлөвлөгөө боловсруулсан байна.
Нэгэн цагт тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийн хамгийн том зах зээл байсан Хятад болон АНУ дахь худалдан авалт сүүлийн жилүүдэд, ялангуяа өнгөрсөн жил огцом буурсан нь Burberry болон бусад брэнд компаниудад ижилхэн хүндээр тусаад байгаа юм.