АНУ, АНЭУ-ын хооронд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын 200 тэрбум ам.долларын гэрээ байгуулагдав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодод хийж буй айлчлалын сүүлчийн зогсоол болох АНЭУ-д хийх төрийн айлчлал өндөрлөснөөр тэрээр нутаг буцаад байна.

Д.Трамп пүрэв гарагт АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо тус улсын ерөнхийлөгч, шейх Мохаммед бин Зайед аль Нахянтай уулзаж, уулзалтын дараагаар хоёр улсын удирдагчид хамтын ажиллагааны багц гэрээг үзэглэжээ.

Цагаан ордноос мэдэгдсэнээр АНУ, АНЭУ-ын хооронд 200 тэрбум ам.долларын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна. 

Үүнд, хоёр тал Абу Даби хотноо Америкийн технологийн компаниудын удирдан явуулах хиймэл оюун ухааны технологийн дата төвүүдийг барьж байгуулах, хөнгөнцагаан, газрын тосны салбарт хамтрах, мөн АНЭУ-ын иргэний агаарын тээврийн Etihad Airways компанийн Боинг компанид хөрөнгө оруулж, 28 онгоц худалдаж авах 14.5 тэрбум ам.долларын гэрээ багтжээ.

Түүнчлэн ойрын 10 жилийн хугацаанд АНЭУ-ын зүгээс АНУ-д 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтыг өгсөн байна.

Д.Трамп Персийн булангийн зарим орнуудтай харилцаагаа сайжруулахыг засаг захиргааныхаа гол зорилго болгосон. Персийн булангийн орнууд, тэр дундаа АНЭУ-д санал болгож буй хиймэл оюун ухаан, микрочипийн дээрх  хэлэлцээрүүд амжилттай хэрэгжвэл тус бүс нутаг дэлхийн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд АНУ, Хятадын дараа гуравдагч хүчирхэг төв болох талаар олон улсын хэвлэлүүд онцлоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *