Орос-Украины энхийн яриа хэлэлцээний эхний өдрийн эргэн тойронд


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн долоо хоногт тавьсан энхийн яриа хэлэлцээ явуулах саналын дагуу пүрэв гарагт Турк улсад Украин, ОХУ, мөн АНУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн боловч анх зарлаж, төлөвлөсний дагуу 15-ны өдөр хоёр талын хооронд яриа хэлэлцээ явагдалгүй өнгөрлөө.

Путины тавьсан саналын дараахан түүнтэй биечлэн нүүр тулж уулзахыг санал болгосон Украины төрийн тэргүүн В.Зеленский пүрэв гарагт Туркийн нийслэл Анкара хотноо хүрэлцэн ирж, тус хот дахь ерөнхийлөгчийн цогцолборт Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай өндөр дээд түвшний уулзалтыг хийсэн байна.

Украин, Туркийн ерөнхийлөгч нарын 3 цаг орчим үргэлжилсэн уулзалт хаалттай байдлаар явагдсан бөгөөд В.Зеленский уулзалтын дараа Украинаас Туркт суугаа ЭСЯ-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ ОХУ-тай хийх энхийн яриа хэлэлцээнд тэрээр Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеровын ахалсан төлөөлөгчдийн багийг илгээж байгаагаа мэдэгджээ.

В.Зелеский хэлэхдээ, Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цэргийн болон тагнуулын албаны төлөөллүүд багтах ба АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нарыг хүндэлж байгаа учраас л Украины төлөөлөгчдийг Истанбулын яриа хэлэлцээнд илгээхээр шийдсэн гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тэрээр мөн Москваг энхийн уулзалт, яриа хэлэлцээг явуулах тодорхой тов ч үгүй, боловсруулсан бодлого ч үгүй, яриа хэлэлцээнд илгээх өндөр албан тушаалтан ч үгүй байгаа явдлаараа АНУ болон Туркийн төрийн тэргүүн нарыг үл хүндэтгэж байна хэмээн хурц шүүмжлээд амжлаа.

Энэ удаагийн энхийн яриа хэлэлцээнд В.Зеленский анхнаасаа биечлэн оролцохоо мэдэгдэж, ОХУ-ын ерөнхийлөгчид шууд нүүр тулж уулзах санал тавьсан бол В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл пүрэв гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Путиныг энхийн яриа хэлэлцээнд оролцохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Түүнчлэн Москваг төлөөлж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зөвлөх туслах Владимир Мединский, ОХУ-ын гадаад хэргийн дэд сад Михайл Галузин, ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, цэргийн тагнуулын албаны дарга Игорь Костюков нар уулзалтад оролцоно гэдгийг Кремлийн зүгээс мэдэгдсэн бөгөөд Оросын төлөөлөгчид мөн л пүрэв гарагт энхийн яриа хэлэлцээ явагдах Истанбул хотын Долмабахче ордонд хүрэлцэн ирсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах, Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский 15-ны өдөр мэдэгдэл хийж, Оросын төлөөлөгчид хэлэлцээ хийхэд шаардлагатай чадавх болон бүрэн эрх мэдэлтэй бөгөөд мөргөлдөөнийг бүтээлч арга замаар шийдвэрлэх боломжит шийдэл, санал нийлэх талыг эрэлхийлэх эрмэлзэлтэй байгааг хэлж, энэ удаагийн хэлэлцээг 2022 онд Истанбулд эхлүүлж байсан энхийн яриа хэлэлцээний үргэлжлэл гэж харж байна гэжээ. Түүнчлэн тогтвортой энх тайвныг тогтоох, мөргөлдөөний үндсэн суурь шалтгааныг арилгах нь Украинтай шууд хэлэлцээ хийхийн зорилго гэдгийг тэрээр тодотгожээ.

Зеленскийн баг төлөөлөгчид Истанбул хотноо баасан гарагийг дуустал байх бөгөөд хоёр талын энхийн яриа хэлэлцээ ийнхүү баасан гарагт тус хотод явагдах гэж байна.

Баасан гарагт Истанбул хотноо ОХУ, Украин, АНУ болон Туркийн дипломат төлөөлөгчдийн хоорондох олон тооны уулзалт, хэлэлцээ явагдах талаар зуучлагч Турк улсын ГХЯ-ны эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар АНУ-Украин-Турк, ОХУ-Украин-Турк гэсэн гурван талт уулзалтууд төлөвлөгдөөд байгаа бол дөрвөн талт уулзалт явагдах эсэх нь тодорхойгүй байна. Мөн Туркийн гадаад хэргийн сайд Х.Фидан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Украин гадаад хэргийн сайд Рустем Умеров, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский нартай уулзахаар болсон байна.

Энэ үеэр мөн Ойрхи Дорнодын гурван улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Абу Даби хотноо хийсэн мэдэгдэлдээ баасан гарагт Вашингтон руу буцаж магадгүй боловч мөн Истанбулд гэнэтийн айлчлал хийх боломжоо нээлттэй үлдээх болно гэжээ.

BBC агентлагийн сэтгүүлч түүнээс Туркт болох яриа хэлэлцээнд ОХУ-аас илгээсэн төлөөлөгчдийн албан тушаалын түвшинд урам чинь хугарсан уу хэмээн асуухад Д.Трамп “тийм зүйл байхгүй, Путин энэ хэлэлцээнд мэдээж очихгүй, тэр намайг очно гэж бодож байсан учраас оролцох гэж байсан ч больсон, Путин бид хоёрыг уулзах хүртэл юу ч болохгүй, ойлгомжтой юу” хэмээн хариулснаараа энэ удаагийн уулзалтын түвшин, ач холбогдол, үр дүнг доогуур үнэлж, зөвхөн Путин, Трамп нар байлцаж байж л дайныг зогсоох энхийн гэрээ байгуулагдах болно гэдгийг товч бөгөөд тодорхой хэлээд амжлаа.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч мөн Туркт явагдах Орос-Украины энэ удаагийн энхийн яриа хэлэлцээнд өндөр хүлээлт тавихгүй байгаа ба жинхэнэ бодит дорвитой ахиц дэвшлийг гаргахын тулд АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Тэрээр Туркийн Анталья хотод зохиогдсон НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсоны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Ийнхүү анхандаа В.Путин хоёр талын энхийн яриа хэлэлцээг Туркт явуулья хэмээн сүржин эхэлсэн ч эцэстээ оролцож буй төлөөлөгчдийн албан тушаал доогуур хэмээн үнэлэгдсэн нэгэн яриа хэлэлцээ Истанбул хотноо болох гэж байна.

Гэхдээ энэхүү уулзалт нь Орос Украинд халдан довтолсны дараахан буюу 2022 оны 3-р сард Истанбул хотноо явуулсан хэд хэдэн удаагийн хоёр талын энхийн яриа хэлэлцээнээс хойш талууд нүүр тулан уулзаж буй анхны яриа хэлэлцээ болох гэж байгаа бөгөөд ОХУ-ын зүгээс анх АНУ-ын санал болгосон Саудын Араб улсад явуулах уулзалтаас татгалзаж, Турк улсын зуучлалыг сонгон ийнхүү Истанбулд хэлэлцээг анхан шатнаас нь эхлүүлэхээр боллоо. Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ч мөн Украины ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ ОХУ, Украины удирдагчид бэлэн болсон цагт Анкара яриа хэлэлцээг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *