Харвардын хуулийн сургуульд хадгалагдаж буй Магна Картын хуулбарыг эх хуулбарын нэг болохыг эрдэмтэд тогтоожээ


АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хадгалагдаж байгаа Магна Карта (Магна Харт) буюу Их Британийн анхны үндсэн хууль гэгддэг түүхэн баримт бичгийн албан бус хуулбарыг судалсан эрдэмтэд уг гар бичмэлийг жинхэнэ эх хуулбар хэмээн тогтоосноо зарласан байна.

1215 онд, Английн эзэн хаан Жоны үед батлагдаж байсан Магна Харт буюу Эрх чөлөөний аугаа тунхаг хэмээх энэхүү баримт бичгийг өнөөгийн улс орнуудын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны анхдагч эхлэл болсон дэлхийн хамгийн үнэ цэнэтэй чухал баримт бичгийн нэгд тооцдог юм.

I Эдвард гэх зэрэг Английн дараагийн хаад тухайн баримт бичгийг олноор нь хуулбарлан гаргаж байсан түүхтэй бөгөөд 900 гаруй жилийн өмнө ойролцоогоор 200 эх хуулбарыг гаргасан байдаг гэж үздэг байна.

Өнөөдөр тэдгээрээс ердөө 24-хөн ширхэг эх хуулбар хадгалагдан үлдсэний дийлэнх нь Их Британи улсад хадгалагдаж байгаа бол хоёр нь АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Үндэсний архивын газарт, нэг нь Австралийн нийслэл Канберра хот дахь Парламентын ордонд хадгалагдаж байна.

Тэгвэл ийнхүү анхандаа хуурамч буюу хожмын хуулбар гэгдэж байсан, Харвардын хуулийн сургуульд хадгалагдаж байгаа Магна Картын хувилбарыг нарийвчлан судалсан Британийн эрдэмтэд жинхэнэ эх хуулбар мөн болохыг нь тогтоожээ.

Судалгаа, шинжилгээний ажлыг дундад зууны түүхээр мэргэшсэн Лондоны Эзэн хааны коллежийн профессор Дэвид Карпентер, Зүүн Английн их сургуулийн профессор Николас Винсент нар гүйцэтгэсэн бөгөөд тэд тухайн хуулбарын хэмжээ, гар бичмэлийн хэв маяг, бичвэрүүдийг 1300-аад оны эх хуулбартай харьцуулснаас гадна хэт ягаан туяаны гэрэл, спектрийн дүрслэл зэрэг бусад аргуудыг хэрэглэснээр эх хуулбар мөн болохыг тогтоосон байна.

Харвардын хуулийн сургууль энэхүү хуулбарыг 1946 онд 27.50 ам.доллароор худалдан авч байсан бөгөөд олон арван жилийн турш тус сургуулийн номын санд хадгалагдсан тус баримт бичгийг номын сангийн бүртгэлд HLS MS 172 хэмээн дугаарлаж, “1327 оны хуулбар…усанд норсон толбо тогтсон, үрчийсэн” гэж бүртгэн авч байжээ. Олон сая ам.доллароор үнэлэгдэх тус хуулбарыг тухайн үед худалдаж авсан үнийг өнөөгийн ханшаар бодоод үзвэл 450 орчим ам.доллароор л худалдан авч байсан ажээ.

Нэг жилийн хугацаанд судалгаа хийсэн эрдэмтэд уг хуулбарыг Английн Кумбриа мужийн Эйплби хотоос гаралтай гэж үзсэн байна. Харвардын хуулийн сургуулийн тэнхимийн дэд эрхлэгч Аманда Ватсон британийн эрдэмтдийн нээлтэд баяр хүргэхийн сацуу тэдний судалгаа нь сан хөмрөгт удаан хадгалагдаж байгаа цуглуулгыг гайхалтай судлаач, эрдэмтдийн гарт өгөхөд юу болдгийг тод томруунаар харуулсан үйл явдал боллоо хэмээн хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *