Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсэг болон цөмийн түүхий эд, материалтай буруу харьцаж, цөмийн салбарын менежментийг хангалтгүй явуулдаг хэмээн харилцан нэгнээ буруутгаад байна.
Хөрш хоёр улсын харилцаа газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутагт өнгөрөгч сард гарсан террорист халдлагын улмаас хурцдаж, Энэтхэг Пакистанд агаарын цохилт үзүүлж, улмаар талууд гал солилцсоны дараа АНУ-ын зуучлалын дагуу хоёр тал өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд гал зогсоож байгаагаа зарласан юм.
Хэдийгээр гал зогсоож буйгаа зарласан ч Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадмал хэвээрээ байсаар байна.
Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх пүрэв гарагт Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир муж дахь цэргийн баазад үг хэлэх үеэрээ “хариуцлагагүй үндэстний” гарт цөмийн зэвсэг аюулгүй байгаа эсэхийг дэлхий нийтээс асууж байна гэжээ. Тэрээр Пакистаны цөмийн зэвсгийг Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтад авах ёстой гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Үүний хариуд Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд “ОУАЭА болон олон улсын хамтын нийгэмлэг Энэтхэгт цөмийн болон цацраг идэвхт бодистой холбоотой хулгай, хууль бус наймааны хэрэг давтагдаж байгаад санаа зовох ёстой” гэсэн байна.
Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шарифыг тус улсын цөмийн зэвсгийн аюулгүй байдалд хяналт тавьдаг Үндэсний коммандлалын газрын хурлыг яаралтай зарлан хуралдуулсан хэмээн тус улсын цэргийнхнийг эх сурвалжаа болгон мэдээлсэн талаар орон нутгийн хэвлэлүүдээр мэдээ цацагдаж, улмаар хоёр улсын мөргөлдөөн цөмийн дайн болж хувирах вий гэсэн болгоомжлол улам нэмэгдээд байгаа юм.
Харин “Ройтерс” агентлаг Пакистаны батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асифийн хэлснийг эш татан мэдээлснээр тийм яаралтай уулзалт, хурал төлөвлөөгүй байна.