Сүүлийн үед адгуус амьтан биш хүн хүнээ тодруулж хэлбэл нэгнийхээ чих, хамар, уруулыг тас хазаж байгаа тохиолдол гарах болжээ. Хүмүүс ингэж зэрлэгшиж байгааг эмч гайхаж байна. Энэ талаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Цэрэндоржоос тодрууллаа.

-Сүүлийн үед хүнд чих, уруулаа хазуулж байгаа тохиолдол ирэх болсон гэнэ. Ийм тохиолдол хэчнээн гарч байна вэ?
Сүүлийн үед хүн хүнээ бэртээх, чихийг нь тас хазчихсан уруулыг нь хазаад нулимчихсан тохиолдлууд ирээд байгаа. Энэ маань ерөнхийдөө цаад утгаараа архитай холбоотой гэж харж байгаа. Мэдээж эрүүлдээ хүмүүс хоорондоо зодолдож маргалдсан ч гэсэн нэгнийхээ эрхтнийг хазаж, тасалдаг тохиолдол мэдэхгүй. Би бол сонсоогүй юм байна. 2 уруул хазагдсан, нэг чих хазуулсан тохиолдол ирсэн. Эдгээр нь хоорондоо маргалдаж зодолдсон үедээ л тийм үйлдэл гаргасан. Тухайн эрхтэн маань тасраад унасан үед буцаагаад залгаад оёх боломж байдаггүй.


Мэдээж хазагдсан шарх бохир байгаа. Шархаа цэвэршүүлсний дараа үе шаттай хагалгаа ордог. Чихний ч юм уу аль түвшинд дефект үүссэнээс шалтгаалаад дефект үүссэнээс шалтгаалаад хийгдэх хагалгаа мэс заслын төрөл өөр болоод явчихдаг. Уруул дээр бол хүлээхгүй аль болох хурдан хагалгаанд орох шаардлагатай. Ер нь хүмүүс тэр чигээрээ уур бухимдалтай болчихсон. Хоорондоо маргалдах төдийд зодолдчих гээд байдаг ч юм уу. Дээрээс нь стресс их байна. Хүн хүнээ хайрлах өр нимгэн сэтгэл алдагдаад байгаа юм уу гэж харж байна.