АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байденыг түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон талаар Америкийн хэвлэлүүд мэдээлээд байна. Ж.Байден энэ талаар ням гарагт албан ёсны мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд экс Ерөнхийлөгчийн түрүү булчирхайн нэлээд “түрэмгий” хэлбэрийн, 5-р зэргийн хорт хавдар ясандаа тархсан боловч үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой гэж мэдэгджээ. Мөн Ж.Байден болон гэр бүлийнхэн нь түүнийг ямар төрлийн эмчилгээ хийлгэх талаар эмч нартай зөвлөлдөж байгаа аж. 

Өдгөө 82 настай Ж.Байден хоёр долоо хоногийн өмнө эмчид үзүүлэхэд түүний шээснээс өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Тэрээр түрүү булчирхайн хорт хавдартай болсон нь өнгөрсөн баасан гарагт нарийн шинжилгээгээр тодорхой болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Ж.Байденыг хорт хавдартай болсон тухай мэдээнд маш их харамсаж байгаагаа илэрхийлж, түүнд түргэн эдгэрэхийг хүссэн байна.

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байдены өмнөөс нэр дэвшин өрсөлдсөн, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Камала Харрис мөн “Жо бол дайчин хүн. Түүнийг энэ өвчний эсрэг зогсож чадна гэдгийг би мэдэж байна. Түүнийг түргэн, бүрэн эдгэрнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Х хуудсандаа бичжээ.

Ж.Байден өнгөрсөн 1-р сарын сүүлээр Цагаан ордонг орхин явснаасаа хойш олон нийтийн өмнө гарах нь эрс багассан. Тэрээр сүүлд энэ сарын эхээр Их Британийн BBC агентлагт ярилцлага өгч, Америкийн АВС телевизийн “The View” хэмээх нэвтрүүлэгт ороод байгаа билээ.

Ж.Байден олон жилийн турш хорт хавдрын судалгааг дэмжиж ирсэн. Тэрээр 2047 он гэхэд 4 сая хүнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилт бүхий “Cancer Moonshot” хэмээх судалгааг 2022 онд эхнэртэйгээ санаачлан эхлүүлсэн түүхтэй. Ж.Байден 2015 онд том хүү Богоо мөн тархины хорт хавдраар алдсан юм. Ж.Байден өөрөө 1988 онд хоёр удаа тархины мэс засалд орж байснаас гадна мөн 2023 онд түүний цээжнээс арьсны гэмтэл буюу суурь эсийн карциномыг мэс заслын аргаар авч байсан ажээ.

Түрүү булчирхайн хорт хавдар нь арьсны хорт хавдрын араас эрчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдраар нэрлэгддэг юм байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 100 эрэгтэй тутмын 13-т нь түрүү булчирхайн хорт хавдар амьдралынх нь аль нэг үед илэрдэг гэсэн судалгааны дундаж үзүүлэлт байдаг аж. Хамгийн өргөн сонголт болох гормоны эмчилгээ нь хавдрыг багасгаж, хорт хавдрыг удаашруулдаг боловч бүрэн эмчилдэггүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *