В.Зеленский АНУ-ын Дэд Ерөнхийлөгч ЖД.Вэнс, Ромын пап нартай уулзжээ


Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт Итали улсад АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, мөн Ромын пап XIV Леотой уулзсан байна.

В.Зеленский, Ж.Д.Вэнс нар өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд болсон хэрүүл маргаантай уулзалтаас хойш ийнхүү ахин нүүр тулж уулзлаа. Тухайн үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Украины Ерөнхийлөгчийг Д.Трампад “Хүндэтгэлтэй хандаж харьцсангүй” хэмээн буруутгаж байсан билээ. Тэгвэл ням гаргийн уулзалтын үеэр тэдний инээмсэглэн ярилцаж буй гэрэл зургуудыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлээд байна.

Уулзалтын талаар В.Зеленский нийгмийн сүлжээн дэх хуудсандаа нийтлэхдээ, тэд өнгөрсөн баасан гарагт явагдсан Орос, Украины хоорондох энхийн асуудлаарх шууд яриа хэлэлцээний талаар ярилцаж, дайны талбар дахь нөхцөл байдал болон ОХУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээний талаар санал солилцсон гэжээ. Украины Ерөнхийлөгч мөн аливаа урьдчилсан нөхцөл болзолгүй, иж бүрэн гал зогсоох тохиролцоонд аль болох ойрын үед хүрэх нь маш чухал болохыг онцолсон байна.

В.Зеленский мөн АНУ-ын Төрийн тэргүүний даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярих талаар Ж.Д.Вэнстэй санал солилцож, хэрвээ талуудын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлын талаар ярилцсан, энэ удаагийн уулзалт 2-р сард Цагаан ордонд болсон орилж, хашгирсан уулзалтаас “хамаагүй дээр” болсон хэмээн Украины албаны нэрээ нууцалсан эх сурвалж барууны хэвлэлүүдэд мэдээлжээ.

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс санал болгосон урьдчилсан болзолт нөхцөлгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг Украин улс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол ОХУ хүлээн зөвшөөрөөгүй ба тус улсын төрийн тэргүүн В.Путин Турк улсад шууд энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг тавьсны дараагаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхний шатны яриа хэлэлцээ явагдаад байгаа билээ.

Украины Ерөнхийлөгч ням гарагт мөн католик шашны шинэ тэргүүнээр тодорсон Ромын пап XIV Леотой уулзаж, энэ үеэрээ Ромын папыг энхийн төлөөх итгэл найдварын бэлгэ тэмдэг хэмээн тодотгож, Украины эсрэг явуулж буй Оросын түрэмгийллийг зогсооход пап үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр Ромын паптай уулзсаныхаа дараа “Ватиканыг Украин, Оросын хооронд шууд хэлэлцээ хийх талбар болгох хүсэлтэй байгаад бид талархаж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *