Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвасын хойд болон өмнөд хэсгээр хуурай газрын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа ням гарагт зарлан мэдэгдэв. Үүний өмнөх мэдэгдэлдээ Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэлийн 670 гаруй байршилд оновчтой цохилт үзүүлснээ онцолсон юм.
Өнгөрсөн долоо хоногт үзүүлсэн Израилын агаарын цохилтуудын улмаас Газын зурваст 500 орчим хүн амь үрэгдсэн талаар “Аль Жазира” агентлаг орон нутгийн эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ зуучлагч Катар улсад явагдаж байгаа бөгөөд Хамас бүлэглэлийн зүгээс барьцааны хүмүүсийг суллаж, хариуд нь 2 сарын хугацаанд гал зогсоох төлөвлөгөөг зуучлагч талуудтай хэлэлцэж байгаа талаар холбогдох эх сурвалжууд мэдээлж байна.
Гэвч Израилын тал Хамас бүлэглэлийг буулгаж авахын тулд ийнхүү сүүлийн үед Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж, дарамт шахалтаа нэмэгдүүлсээр байна. Гал зогсоох яриа хэлэлцээнээс дорвитой ахиц дэвшил гарах найдвар тун бага байгаа энэ үед энгийн номхон иргэд нэмж амь үрэгдэх вий гэсэн болгоомжлол үүсэж байна.
Израилын Ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд, “Барьцааны бүх хүмүүсийг суллах, Хамасын алан хядагчдыг цөллөгт явуулах, Газын зурвасыг зэвсэглэлээс ангид болгох зэрэг төлөвлөгөө гал зогсоох хэлэлцээнд багтаж байгаа” гэсэн юм. Гэвч Хамас бүлэглэлийн өндөр түвшний албан хаагчийн BBC агентлагт мэдээлснээр “Израилын буулт хийдэггүй, эвлэрэшгүй, үл тэвчих байдал үргэлжилсээр байгаа тул Дохад үргэлжилж буй хэлэлцээнд өнөөг хүртэл ямар ч ахиц дэвшил гараагүй байсаар байна” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Газын зурваст 58 хүн барьцаанд байгаагаас 23 нь амьд байгаа гэж үзэж байгаа юм. Харин Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурваст Палестины 53 мянга гаруй иргэн амь үрэгдээд байгаа гэсэн тоо гараад байна.
Энэ үеэр мөн Израилын талаас 10 долоо хоногийн хугацаанд Газын зурваст нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зогсоосны дараа тухайн бүс нутагт “өлсгөлөнгийн хямрал үүсэхгүй” байхын тулд тодорхой хэмжээний хоол хүнс нэвтрүүлэхээ мэдэгдлээ.

Ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд, Израилын батлан хамгаалах хүчний зөвлөмжийн дагуу, Хамасын эсрэг шинэ цэргийн довтолгоонд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн ийм алхам хийсэн гэж мэдэгджээ. Хамас бүлэглэлийн эсрэг Газын зурваст шинээр эрчимжүүлж эхлүүлээд буй, дээр дурьдсан “Гидеоны тэрэг” хэмээх цэргийн тусгай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд ийнхүү Газын зурвасын иргэдийг өлсгөлөнд автуулахааргүй хэмжээний “тодорхой тоо хэмжээ” бүхий хүнсийг нэвтрүүлэхээр болсноо зарлаад байна.
Израил улс 3-р сарын 2-ноос эхлэн Газын зурваст нэвтрүүлэх хоол хүнс, шатахуун түлш, эм бэлдмэлийн тусламжийн ачаа, барааг зогсоон хориглосон бөгөөд үүнээс үүдэн Газын зурвас дахь 2.1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй хэмээн олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд анхааруулж, дэлхийн улс орнуудын зүгээс ч тусламжийг нэвтрүүлэх шаардлагыг Израилд тавьж, шахалт үзүүлсээр байсан юм.
Тэгвэл мөн Израилын зүгээс Газын зурваст нэвтрүүлэх хүнсний тусламжийг Хамас бүлэглэлийн алан хядагчдын гарт оруулахгүй байхын тулд хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтыг хяналтдаа авч ажиллах болно гэжээ.