Ням гарагт Польш, Португал, Румын улсад сонгууль явагдлаа


Ням гарагт Европын Польш, Португал, Румын улсад сонгуулийн санал хураалт явагдаж, урьдчилсан дүн гараад байна. Ням гарагт Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт явагдлаа. Санал тооллогын урьдчилсан дүнгээр Польшийн эрх баригч “Иргэний эвсэл” намаас нэр дэвшигч, нийслэл Варшав хотын дарга Рафал Тшасковский тэргүүлсэн бол улс төрийн барууны консерватив үзэл баримтлал бүхий “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшсэн Кароль Навроцкий саналын тоогоороо түүний араас жагсчээ. Тодруулбал, эрх баригч намаас нэр дэвшигч Рафал Тшасковский 30.8 хувийн саналаар тэргүүлсэн бол “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшсэн Кароль Навроцкий 29.1 хувийн ялимгүй зөрүүтэй саналаар хоёрт жагссан. Хэрвээ даваа гаргийн үдэш гэхэд аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй, энэхүү урьдчилсан дүн батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөөн тэдний дунд явагдаж, ялалт байгуулсан нь Польшийн дараагийн Ерөнхийлөгч болох болно. Рафал Тшасковскийн хувьд ЕХ-ны бодлогыг дэмжигч, либерал үзэлтэн бол түүний өрсөлдөгч, түүхч Кароль Навроцкий нь цагаачдыг эсэргүүцэгч, үндсэрхэг үзэлтэн бөгөөд “Польш улсыг аврахын төлөө” сонгуулийн хоёрдугаар шатанд өөрийг нь дэмжихийг ард түмэнд уриалжээ. Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 1-ний өдөр явуулахаар товлосон байна.

Ням гарагт явагдсан Португал улсын парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын баруун төвийн үзэл баримтлал бүхий эрх баригч Ардчилсан Холбоо эвсэл хамгийн олон суудал авч, ялалт байгуулсан боловч парламентанд олонх болж чадаагүй байна. Португалийн Ерөнхий сайд Луис Монтенегрогийн гэр бүлийн асуудлаас үүдэн сөрөг хүчний зүгээс түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасны дараагаар парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион явуулаад байгаа нь энэ бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд явагдаж буй гурав дахь парламентын сонгууль болж байна. Санал тооллогын урьдчилсан дүнгээр Ардчилсан Холбоо эвсэл нийт саналын 34%-ийг аваад байгаа бол хэт барууны Чега нам (23.3%) болон зүүн төвийн Социалист намууд (23%) бараг тэнцүү хувийн санал авч, саналын тоогоороо ар араасаа жагслаа. Ялалтаа зарлаад буй Португалын Ерөнхий сайд парламентад суудал авсан өөр намтай эвсэж байж олонхын Засгийн газрыг байгуулах бөгөөд тэрээр хэт барууны Чега намтай эсэхгүй гэдгээ юун түрүүнд зарласан байна.

Ням гарагт мөн Европын Румын улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдлаа. Мөн л хэрвээ энэ удаагийн санал хураалтаар аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй тохиолдолд хамгийн өндөр хувийн саналтай хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь шатны санал хураалтыг явуулах хуультай ч энэ удаад тийм шаардлага үүсээгүй байна. 2025 оны Румын улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, нийслэл Бухарест хотын дарга Никушор Дан 53.6 хувийн саналаарялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч болох AUR намаас нэр дэвшигч Жорж Симион 46.4 хувийн санал авснаар ялагдал хүлээжээ. Ж.Симион анхандаа өөрийгөө ялалт байгуулсан хэмээн зарласан боловч Сонгуулийн ерөнхий хорооноос дүнг албан ёсоор зарласны дараа ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, өрсөлдөгч Никушор Даны ялалтыг хүлээн зөвшөөрч, түүнд баяр хүргэсэн байна. Энэ удаагийн Румыны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 64.72%-тай гарсан нь сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Нийт 11.6 сая гаруй иргэн сонгуульд оролцож саналаа өгснөөс 6 сая гаруй нь математикч мэргэжилтэй, ЕХ-г дэмжигч, либерал үзэлт улс төрч Никушор Даныг дэмжсэн байна. Өдгөө 55 настай Н.Дан мөн Украин улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг дэмждэг улс төрч бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский түүнийг сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *