Орос-Украины энхийн яриа хэлэлцээний дараа Д.Трамп Путинтай утсаар холбогдон ярилцахаа мэдэгдэв


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Туркийн Истанбул хотноо явагдсан ОХУ, Украины хоорондох эхний шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд тус бүр 1000 олзны цэргүүдийг солилцох тохиролцоонд хүрсэн бөгөөд анхандаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрөө санал тавьж уриалсан хэдий ч дорвитой үр дүнгүй уулзалт болж өнгөрсөн талаар олон улсын зүгээс болон ажиглагчид, шинжээчдийн зүгээс дүгнэлээ.

90 гаруй минутын турш үргэлжилсэн уулзалтын төгсгөлд талууд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор эхний ээлжинд олзны цэргүүдийг солилцохын сацуу мөн гал зогсоох урьдчилсан нөхцлүүдээ бичгээр харилцан солилцож, ахин уулзаж, гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар уулзалтыг зохион байгуулсан зуучлагч Турк улсын гадаад хэргийн сайд Хакан Фидан дараагаар нь мэдэгдсэн байна.

Уулзалтад Украины төлөөлөгчдийн багийг ахлан оролцсон тус улсын батлан хамгаалахын сайд Рустем Умеров дараагаар нь сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “энхийн яриа хэлэлцээний дараагийн шатанд хоёр улсын төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалт байх ёстой” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков энэхүү асуудлаар бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ “хоёр тал зарим тодорхой “тохиролцоонд” хүрсний дараа Украины ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын хоорондох уулзалтыг зохион явуулах боломжтой” гэжээ. Түүнээс дараагийн шатны уулзалт төлөвлөгдсөн эсэх талаар асуухад тэрээр “тэр бол мэдээж эхний уулзалтаар тохиролцсон 1000 олзны цэргийг харилцан солилцож, мөн гал зогсоох урьдчилсан нөхцлийг тохирсны дараа яригдах асуудал” хэмээн хариулсан байна. Хэрвээ амжилттай явагдсан тохиолдолд энэ нь Орос Украинд халдан довтолсноос хойш хамгийн олон тооны олзны цэрэг харилцан солилцсон явдал болох юм.  

Ийнхүү дорвитой үр дүн гараагүй хоёр талын эхний шатны энхийн яриа хэлэлцээний дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар холбогдон ярилцаж, дараа нь мөн В.Зеленский болон НАТО-гийн гишүүн орнуудтай ярих болно гэдгээ өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Тэрээр өөрийн нийгмийн сүлжээний Truth Social хуудсанд бичсэн нийтлэлдээ “даваа гарагт Путинтай ярилцах сэдвүүд бол долоо хоногт дунджаар 5000 гаруй орос, украин цэргүүд амь үрэгдсээр байгаа энэ цус урсгасан дайныг зогсоох асуудал болон мөн худалдааны асуудал байх болно” гэжээ.

Дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулахад чиглэгдсэн үйл явц ийнхүү эхлээд байгаа ч галын шугаманд дайн үргэлжилсэн хэвээрээ байгаа ба өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины зүүн хэсгийн Сумы, Харьков, зүүн өмнөд хэсгийн Херсон мужуудад Оросын тал агаараас довтолсны улмаас 10 гаруй хүн амь үрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээллээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *