Интернэт эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү ихээр буюу олон цаг, өдөр, сараар байнга хэрэглэх нь амьдралын хэмнэл алдагдах, зарим үүрэг хариуцлагыг үл тоох зэргээр өөрийгөө хянах чадваргүй болгох эрсдэлтэй. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл дэлгэцэнд донтсон гэж тооцдог аж. СЭМҮТ-ийн Хүүхдийн тасгаар өдөрт дунджаар 20 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Үүний 10 орчим хувь нь дэлгэцэнд донтсон гэх шалтгаантай байдаг. Мөн үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бага насныхан байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Дэлгэцэнд донтох эмгэгтэй хүүхэд тогтож сууж чадахгүй, эмчид үзүүлж байхдаа хүртэл утсаа хайж, уйлдаг гэнэ. Түүнчлэн хүүхэд зуны амралтаас илүү өвлийн амралтын үеэр дэлгэцийн хамааралд орох эрсдэл өндөр байдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.