Тэгш хамруулах бодлого хөдөөд ч амилж байна


“Тэгш байдал бол тоо. Тэгш боломж бол чанар” гэж НҮБ-ын Хүүхдийн сан уриалдаг. БНСУ-д 2015 онд болсон Боловсролын Дэлхийн чуулга уулзалтаар 2030 он хүртэлх боловсролын салбарын алсын харааг тодорхойлж, Инчоны тунхаглал буюу “Боловсрол 2030”-ыг баталжээ. Уг тунхаглалаар тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн суралцахуйг дэмжих зорилт дэвшүүлсэн 160 улсын нэг нь Монгол.

Тэгш хамруулан сургана гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, орон гэргүй, эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургуулийн босго давахад тусалж, ялгаварлалгүйгээр хамруулах тухай ойлголт зонхилдог. Гэвч үнэндээ эрүүл мэндийн асуудалгүй, энгийн амьдралтай хүүхдүүд ч амьдарч буй орчин, боловсролын хүртээмж, багшийн хандлага, сургуулийн соёлоос шалтгаалан боловсролоос гадуурхагдах нь бий. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж, чанар, хүний нөөцийн ялгаа нь хүүхдүүдийг ялгаварт оруулдаг нэг хэлбэр болж байна.

Монгол Улс 330 сумтай, 1.5 сая км² газар нутагтай ч хүн амын 40 хувь нь Улаанбаатарын 470 мянган га газарт төвлөрөн амьдарч байна. Хөдөө орон нутгийн иргэд хүүхдэдээ чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийг зорих нь нийтлэг үзэгдэл болжээ. Үүнийг боловсролын тэгш хамруулалтад итгэх итгэл сул байгаагийн илрэл гэж ойлгож болох юм. Эцэг эх бүр хүүхдээ сайн багшид сургаж, ирээдүйд амьдралын баталгаатай, өндөр орлоготой байлгахыг хүсдэг нь ойлгомжтой. Харин энэ боломж зөвхөн хотод байгаа мэт ойлголт нь Улаанбаатарын төвлөрөл, агаарын бохирдол, нийгмийн дарамт, сургууль цэцэрлэгийн хэт ачааллыг улам хүндрүүлж байна.

Тэгвэл хөдөө үлдсэн хүүхдүүд яах вэ? Эсвэл бүгдийг нь хот руу шилжүүлж, төвлөрлийг улам нэмэгдүүлэх үү? Улаанбаатарт ирсэн ч хүүхдүүд бүгд сайн сургуульд орж, чанартай боловсрол авч чадаж байна уу? Энэ бүхэн тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилт, сургуулиудын чанар, багшийн ур чадвар, сургалтын арга барилаас шууд хамаарна.

НҮБ-ын Хүүхдийн сан боловсролын тэгш хамруулалтыг “Цэцэрлэг, сургууль, багш, захиргаа ялгаварлалгүйгээр бүх хүүхдийн суралцах эрхийг баталгаажуулж, үр дүнтэй оролцоог хангах тасралтгүй үйл явц” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь зөвхөн оролцоо бус, хүүхэд бүрийн онцлогт нийцсэн сургалтын арга зүй, ангийн орчин, хандлага, соёлын өөрчлөлтийг хамарсан цогц үзэл баримтлал юм.

Тэгш хамруулах боловсрол нь үндсэндээ хүүхэд бүрийг боловсролын тэгш хүртээмжтэй байлгахаас цаашлаад, хэнийг ч үл орхих хөгжлийн суурь зарчимтай нягт уялддаг. Ялангуяа хүн ам бага, алслагдсан сумдын сургуулиудад цөөн сурагчтай ангиуд, багшийн нөөцийн хомсдол, хичээлийн хөтөлбөрт тохируулан заах нөхцөл хомс зэрэг асуудал оршсоор байна. Зарим сумын сургуулиудад 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг 5-6 багш ээлжлэн хичээл заадаг бол багш нар нь олон мэргэжил давхар эзэмшсэн байдаг. Ийм нөхцөлд боловсролын чанар алдагдах эрсдэл өндөр бөгөөд энэ нь хүүхдүүдийн цаашдын амьдралд сүүдэр мэт дагалддаг.

Ийм цогц бодлогыг 2004 оноос хойш боловсролын салбарт тууштай хэрэгжүүлж ирсэн байгууллага бол Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг. Тус байгууллага бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд-залуучуудын оролцоо, багшийн хөгжлийн чиглэлээр гурван үндсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн 21 жилийн хугацаанд Монголын бүх аймаг, нийслэлд ажиллажээ. Тэд сургуулиудыг зөвхөн материаллаг орчноор биш, сургалтын арга зүй, хүний нөөцийн чадавхаар дэмжиж, багш бүрийг хүүхэд бүрт хүрч ажиллах арга барилд сургахыг зорьж ирсэн байна.

Энэ бүхэн үр дүнгээ өгч эхэлснийг нэг жишээн дээр тодруулж болно. УИХ-ын гишүүн, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Time.mn-д өгсөн ярилцлагадаа “Өмнөговь аймгийн Даланзадгадын 5-р сургуулийн чанар эрс сайжирсан тул Улаанбаатарт хүүхдээ шилжүүлэхээр төлөвлөж байсан нэгэн эцэг эх шийдвэрээ өөрчилсөн” хэмээн онцолсон байдаг. Энэ бол хөдөө орон нутгийн сургуулиуд зөв бодлого, сайн багштай бол нийслэлийнхтэй эн зэрэгцэх боломжтойг илтгэх жишээ юм.

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тэгш хамруулах боловсрол” хөтөлбөрийн зохицуулагч О.Саранцэцэг “Хүүхэд бүрийн суралцах онцлог өөр. Зарим нь сонсож, зарим нь ярилцаж, нөгөө нь хийж байж ойлгодог. Тиймээс багш хичээлийн 40 минутыг янз бүрийн арга барилаар зааж, бүх хүүхдэд хүрч ажиллах ёстой” хэмээн тайлбарлав. Ингэхдээ багш нар хичээл заах аргаа олон төрлөөр туршиж, туршлага хуримтлуулах шаардлагатай байдаг аж. Энэ нь багшийн хөгжил, хүүхдийн сурах идэвхийг хамтад нь дэмжих цогц арга зүй юм.

2002-2003 оны хичээлийн жилд манай улсад 11,953 хүүхэд сургууль завсардсан бол 2023-2024 онд энэ тоо 454 болж буурчээ. Энэ нь бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулахад ахиц дэвшил гарч байгааг нотолж байгаа сайн мэдээ. Гэсэн ч зөвхөн сургуулийн хаалгаар оруулах биш, дотроо ялгаварлалгүй сурах орчин бүрдүүлэх нь илүү чухал.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар сургуулиас гарсан хүүхдүүдийн 2% нь сургуулийн орчноос болж хичээлээ орхисон байна. С.Түмэндэлгэрийн 2020 онд хийсэн судалгаанд “Багш ялгаварлан гадуурхдаг”, “Хичээлээ ойлгодоггүй” гэж хариулсан сурагчдын хувь өндөр гарсан нь боловсролын орчны дотоод ялгаварлал бодитой асуудал гэдгийг харуулж байна. Энэ нь боловсролын тэгш хамруулалтад саад болж буй хамгийн ноцтой зөрчлийн нэг юм.

Багшийн заах арга, сургалтын төлөвлөлт, хичээлийн орчин хүүхэд бүрт хүрч чадаж байгаа эсэх нь боловсролын чанарын суурь үзүүлэлт юм. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн зохицуулагч Д.Анугийн хэлснээр “40 минутын хичээлд 2-3 арга хэрэглэвэл зохистой. Хичээлийн эхлэл, мэдлэг бүтээх хэсэг, дүгнэлт гэсэн гурван шатлалын дунд хэсэгт нийт хугацааныхаа 60 хувийг зарцуулбал илүү үр дүнтэй” аж. Ингэснээр багш хичээл заах явцдаа хүүхдийн хэрэгцээ, сонирхлыг илүү мэдэрч, өөрт нь ч дарамт багатай болдог.

Мөн анги дүүргэлт багшийн сургалтын арга барилд шууд нөлөөлдөг. 35 хүүхэдтэй ангид багш бүлгээр ажиллуулах төлөвлөгөө гаргаж болох бол 55 хүүхэдтэй ангид гол зорилго нь “аюулгүй байдал” болоод хувирдаг. Ийм нөхцөлд хүүхэд бүрт хүрч ажиллана гэдэг тун хүнд бөгөөд энэ нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлнө.

Цаашид боловсролын тэгш хамруулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, боловсролын удирдлагын түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийг тасралтгүй дэмжих, ялангуяа хөдөө орон нутгийн багш нарт хандсан сургалт, зөвлөх үйлчилгээг системтэй зохион байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, сурагчдын хэрэгцээ, суралцах хэв маягт нийцүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг хөгжүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, эцэг эхийн оролцоог зөвхөн “сургалтын чанар шаардах” бус, багш нартай хамтран ажиллах эерэг уур амьсгал бүрдүүлэх чиглэлд хөтлөх нь зүйтэй.

Боловсролын тогтолцоог зөвхөн төрийн үүрэг гэж үзэлгүй, иргэний нийгэм, орон нутгийн оролцоогоор бэхжүүлж байж хүүхэд бүрт тэгш боломж нээгдэх юм. Тэгш хамруулах боловсролыг амьдралд хэрэгжүүлж, хотод төвлөрсөн чанартай боловсролын ойлголтыг орон даяар тэлэх үйлсэд бүх талын оролцоо чухал байна. Сайн боловсрол зөвхөн хотод байх ёсгүй. Тэр тусмаа хөдөө орон нутагт, гэр гэртээ байж чанартай боловсрол эзэмших боломж нээгдэх цаг иржээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *