2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгодог болгосон. Тэгвэл Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилж Х.Баттулга, У.Хүрэлсүх нар дахин нэр дэвших гэж оролдож байна гэсэн хардлага нийгэмд үүсээд байв. Энэ хардлагыг бодит болгохгүй байх үүднээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Түүний энэ санаачилгыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, гарын үсэг зурсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх ч мөн Үндсэн хуулийг тогтвортой байлгахын төлөө ажиллана гэдгээ зарлалаа. Энэ талаар хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжинээс тодрууллаа.
-Та Үндсэн хуулийг тогтвортой байлгах үүднээс гарын үсэг цуглуулж байсан. Монгол Улсын 5, 6 дахь Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийг тогтвортой байлгахын төлөө байгаагаа илэрхийллээ. Таны гарын үсэг цуглуулах ажил шаардлагагүй болж хувирч байна уу?
-2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, одоогийн хуулийн зохицуулалтыг бий болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүнийг нь зурж баталгаажуулсан хүн нь Х.Баттулга гэдэг хүн. Олон нийтийн дунд энэ 2 хүнийг дахиад Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх байх гэсэн хүлээлт, хардлага бий болоод байсан гэхэд буруудахгүй байх. Хов жив ч их байсан. Харин олны хардлагад өртөөд байсан энэ 2 хүн дахиж Ерөнхийлөгчийн албан тушаал руу зүтгэхгүй, Үндсэн хууль тогтвортой байх ёстой гэдгээ илэрхийлж байгааг нь дэмжүүштэй. Үнэхээр баярлаж байна. Олон нийтийн дунд “Буцаад л дээрх 2 хүн суудалдаа очих нь. Энэ 2 хүний зодоон дуусахгүй нь. Нэг нэгнээсээ өшөөгөө авах нь” гэдэг хардлага байсан. Монгол Улс байнгын хэрүүлтэй байх албагүй шүү дээ. Монгол Улс эрүүл саруул өрсөлдөөн, хөгжил дэвшлийн төлөө явах ёстой. Эх захгүй энэ хэрүүлийн дунд энэ 2 хүн манлайлж, үүнийгээ илэрхийлж байгаа нь надад бол таалагдаж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд та гарын үсэг зурах уу?
-Их хурлын гишүүн гарын үсэг зурах албагүй. Кнопоор илэрхийлнэ, байр сууриа.
-Та Ерөнхий сайдыг унагах санал хураавал кноп дарах уу?
-Би дарна гэдгээ илэрхийлсэн.
-Танай намын гишүүд хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шаардах бичиг өгсөн. Бүлэг дээр энэ асуудал яригдсан уу? Та гишүүдийнхээ шаардлагыг дэмжих үү?
-Хамтарсан ЗГ байгуулах саналыг эхнээсээ дэмжээгүй цөөхөн гишүүдийн 1 нь бий. Шийдвэрийг нам гаргах ёстой. Хэрвээ нам засгаас гарна гэж шийдвэл надад таатай байна. Намын шийдвэр гараагүй байхад би ингэнэ тэгнэ гэж яриад явах нь эртэднэ.
-Танай намын ҮЗХ хуралдах тов гарав уу? Энэ хурлаар ЗГ-аас гарах асуудлыг хэлэлцэх болов уу?
-Улс төрийн намын хууль өөрчлөгдсөнтэй холбоотой намын их хурал хуралдах тов гарсан. Хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх эсэхийг би урьдчилж хэлж мэдэхгүй байна.