Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн 5 дугаар сарын 16-нд болж, дараах асуудлыг хэлэлцэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр тогтжээ. Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд өгөх саналыг нэмэлт судалгаа шаардлагатай гэх үндэслэлээр хойшлуулсан байна. Мөн салбарын сайдаас ирүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөлд санал өгөхөөр тогтов.
Түүнчлэн Ардчилсан намд нэгдэх тухай Шинэ намын хүсэлт, Шинэ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа.