Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ГССҮТ-ийн зөвлөх, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийн санаачилсан “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төслийг “Шунхлай” групп “БИ МОНГОЛ ЭМЧ” ТТБ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд нийт 20 аймгийн Нэгдсэн эмнэлэгт “OgS Orthopedics” брэндийн яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нийлүүллээ. Уг тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байна.
Энэ хандивын үр дүнд орон нутагт жилд 8.000-10.000 мэс засал хийх боломж бүрдэж, эмчилгээний үр дүн 20-30 хувиар нэмэгдэх юм. Мөн орон нутгийн эмнэлгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэйгээр иргэдэд тулгардаг зардал, чирэгдэл, шилжилт хөдөлгөөн багасах, эмнэлгүүдийн тогтвортой байдал нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
“OgS Orthopedics” яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нь С.Отгонгэрэл эмчийн удирдлага дор Монголын орчин, нөхцөлд зориулан бүтээж, патент авчээ. Мөн ISO 13485 чанарын шаардлагыг хангаж, FDA-ээр баталгаажуулсан байна. Тус төхөөрөмжийг ямар ч эмнэлгийн орчин нөхцөлд хялбар, хурдан шуурхай ашиглах боломжтой. Үүний зэрэгцээ өвчтөнд зовуурь бага өгөх инженерийн шийдлээр бүтээжээ.




Одоогоор уг төхөөрөмжийг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Баянхонгор, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглаж байна. Ингэхэд мэс засал хийх хугацааг 20-30 хувиар богиносгож буй нь ажиглагджээ.
С.Отгонгэрэл эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа тулгуур эрхтний гэмтэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд шинэ арга, тоног төхөөрөмж амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

С.Отгонгэрэл “Манай орны алслагдсан бүс, орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж дутагдалтай, хүн хүчний нөөц хомс байдаг. Хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай эмчилгээ үзүүлэхийн тулд бид нэгдэж, дэмжиж ажиллах ёстой. Энэхүү төхөөрөмж маань зөвхөн нэг удаагийн хэрэглээ бус, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” бол зөвхөн нэг удаагийн хандив биш. Энэ бол эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй болгох, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг жигд хөгжүүлэх үндэсний хэмжээний бодит шийдэл юм” гэж онцлов.
“Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төсөл энэ оны 5 дугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилж, 5 дугаар сарын 20-ноос мэс заслын тоног төхөөрөмжөө бусад аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлж эхлэх юм.
Уг төслийг хамтран хэрэгжүүлэгч “Шунхлай” групп байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлага, сайн сайхны хүрээнд олон төсөл, хөтөлбөр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хандивын төсөл нь ч мөн адил нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, салбар дундын хамтын ажиллагаа, үндэсний инновацыг дэмжих шинэ жишиг болно гэдэгт итгэж байна.