2025 оны “Eurovision” дууны тэмцээний шувтаргын шат ням гарагт зохиогдож, үзэгчид болон шүүгчдийн санал хураалтын дүнгээр Австри улсын оролцогч JJ ялагчаар тодорсон байна.
Венийн дуурийн театрын контртенор болох 24 настай дуучин JJ “Wasted Love” хэмээх поп-опера болон электроник хөгжмийн урсгалуудыг хослуулсан дуугаараа оролцож, нийт 436 саналаар түрүүлжээ.
Түүний жинхэнэ нэрийг Йоханнес Питч гэдэг бөгөөд шагналаа гардан авах үеэрээ “Хайр сэтгэл бол энэ Дэлхийн хамгийн хүчтэй зүйл. Бүгдээрээ хайр түгээцгээе” хэмээн уриалсан байна. Түүний гэр бүлийнхэн бүгд Швейцарын Базель хотод иржээ. Тэдэн дунд 85 настай өвөө, 4 сартай дүү нь байв.

Австри болон филиппин гаралтай дуучин JJ энэхүү тэмцээнд оролцохын тулд Венийн дуурийн театрын ажлаасаа чөлөө авсан ажээ. ХБНГУ-ын Франкфурт хот дахь Филиппинийн Ерөнхий консулын газрынхан түүнд баяр хүргэж, “Европын энэхүү томоохон дууны тэмцээний тайзан дээр ялалт байгуулсан явдал нь Филиппин улсын бахархал болсон гайхалтай мөч байлаа” гэжээ.
“Eurovision” дууны тэмцээний түүхэнд ийнхүү Австри улс гурав дахь удаагаа түрүүлээд байна. Анх 1966 онд дуучин Уго Юргенс “Merci, Cherie” дуугаараа түрүүлсэн бол хоёр дахь удаагаа дуучин Кончита Вурст “Rise Like a Phoenix” дуугаараа 2014 онд тэргүүлсэн түүхтэй.
Харин энэ жилийн тэмцээний хоёрдугаар байрт 357 оноогоор Израилын оролцогч Ювал Рафаэль “New Day Will Rise” дуугаараа, гуравдугаар байрт 356 оноогоор Эстони улсын оролцогч Tommy Cash “Espresso Macchiato” дуугаараа шалгарчээ. 4-р байрыг Швед, 5-р байрыг Итали улс эзэлжээ.

Тэмцээний үеэр 52 настай Польшийн дуучин Жюстина Стецковска 30 жилийн дараа тус тэмцээнд ахин ирж оролцсоноороо шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн тэмцээний үеэр оролцогчдод видео мэндчилгээ илгээсэн дуучин Селин Дионыг тайзан дээр гарч ирж, дуулна гэх цуу яриа гарч, хүлээлт үүсгэсэн боловч тэрээр үзэгчдийг гонсойлгож, дуулаагүй байна.
Түүнчлэн энэ жилийн тэмцээнд Израил улс оролцож, тэр ч бүү хэл хоёрдугаар байр эзэлсэн явдалд олон нийт дургүйцэж, эсэргүүцэлтэй тулгарлаа. Израилын оролцогчийн үзүүлбэрийн үеэр хоёр хүн тайзан дээр гарахыг оролдсон бол тэмцээн зохиогдсон Базель хотод Палестиныг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, хэв журам зохицуулагч цагдаа нартай жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн байна.
Нийт 26 улс өрсөлдсөн, 69 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээнийг Швейцарын Базель хотын “St. Jakobshalle” концертын цогцолборт зохион байгууллаа. Ялагчийг тодруулах эцсийн шатны шоу тоглолтыг 40 мянга гаруй хүн концертын танхим болон ойролцоох цэнгэлдэх хүрээлэнд үзсэн бол Европ даяар цацсан шууд дамжуулалтыг нь ойролцоогоор 160 сая хүн үзсэн гэх тоо гарчээ. Ийнхүү Австри улсын дуучин түрүүлснээр ирэх жилийн 70 дахь удаагийн “Eurovision” тэмцээнийг тус улс зохион байгуулахаар боллоо.