Ах нарынхаа түүхийг тэд давтах уу ?


2024 оны 7 дугаар сарын 10. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв. Хамтарсан Засгийн газрын цаглавар эргэж эхлээд үндсэндээ 10 сарын дараа суудал нь ганхав. Ерөнхий сайдын хүүтэй холбоотой мэдээлэл олон нийтийн эсэргүүцлийг өдөөж, Л.Оюун-Эрдэнийн “дайснууд” энэ тэмцлийг ил далд өрдөв. Эцэст нь МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулж, засгийн хувь заяаг хэрхэхийг шийдэхээр боллоо. Тодруулж хэлбэл 20 хүрэхгүй цагийн дараа эл асуудал нэг тийш болох нь ээ.  

Төрийн дээр нам үгүй гэдэг ч аль ч цаг үед Ардын намын байрны 6 давхраас улс орны чухал шийдвэрүүд гарч, энэ улсын хор, жор хоёул найрагддаг нь нууц биш. Энэ удаа ч мөн тус намын бага хурлын гишүүд хамтарсан Засгийн газрын ирээдүй хэрхэхийг шийдэхээр болж байна. Ардын намын байрны хурлын их танхимаас олон ч дарга ажлаа өгч, олон ч дарга ажлаа хүлээн авч байсан билээ. Гэхдээ намын даргын асуудлыг намын их хурал шийдэх бол бага хурлын гишүүд зөвхөн хамтарсан Засгийн газарт АН, ХҮН хоёр байх ёстой эсэхийг л эцэслэн хэлэлцэж шийдэх аж.

Гэсэн хэдий ч өрнөөд байгаа үйл явдлыг зураглавал Л.Оюун-Эрдэнийн хувь заяа бага хурлын гишүүдийн гарт буй нь ойлгомжтой. Харин бага хурлын гишүүдийн дийлэнх нь найман жил намын “гал тогоог” барьж, гурван сонгуульд ялалт байгуулахад өндөр үүрэгтэй оролцсон Д.Амарбаясгалангийн гарт байгаа гэх. Мэдээж Ардын намын бага хурлын гишүүдийг бүгд Д.Амарбаясгалангийн хүмүүс гэх нь өрөөсгөл ч түүний нөлөө өнөөдрийг хүртэл намдаа хүчтэй, бат хэвээр байгаа нь нууц биш.

Ардын намын бага хурал 400 орчим гишүүнтэй. 2013 онд МАН-ын 27 дугаар их хурлын дараа бага хурлын бүрэлдэхүүнд “Хотын фракц” буюу тухайн үеийн намын дарга М.Энхболдын гэх хүмүүсийн оролцоо өндөр байсан бол сүүлийн жилүүдэд намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалангийн гэх хүмүүс бага хурлын бүрэлдэхүүнд жин дарна. Тэд улс төрд сүүлийн 20 жил дөрөө харшуулж яваа хамтран зүтгэгчид. Л.Оюун-Эрдэнэ намын дарга болоход ерөнхий нарийн бичгийн даргаар нь Д.Амарбаясгалан шадарлаж байв. Ерөнхий сайд болоход нь ЗГХЭГ-ын дарга хийж байв. Одоо тэд нэг нь хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж, нөгөө нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байна. Тэдний хооронд хар муур гүйлгэх сонирхол бүлэглэлүүдэд байгаа ч эвлэх үү эвдрэх үү гэдэг нь цаг хугацаа, ашиг сонирхлын зөрчлөөр л шийдэгддэг аж. Ах нарын түүх ч ийм байсан. Энэ түүх давтагдах эсэх нь тун удахгүй ил болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *