Энэ оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Барьж байгаа барилгын 11-р давхраас хүн унаж, нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” өндрөөс унаж нас барсан байв. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг хүн тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан аж. Тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.
Дулааны улирал ирж, барилгын ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. Барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү!