УИХ-ын Ёсзүй дэгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас МАН-ын бага хурал болон цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл авлаа.
–МАН-ын бага хурлын үеэр намын даргыг огцруулах асуудал яригдах уу ?
МАН-ын бага хурал жилдээ нэгээс доошгүй удаа хуралдах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу 6 дугаар бага хурлаа 2025 оны 5 дугаар сард зарлан хуралдуулж байна гэж ойлгож байна. Бага хурлын үеэр Ерөнхий сайд Засгийн газрын тайлангаа танилцуулах байх. Бага хурлын 400 орчим гишүүн буй. Нийгэмд үүсээд байгаа асуудлын талаар өргөн хүрээнд ярилцах байх гэж бодож байна.
Би бага хурлын болон УЗ-ийн гишүүн биш учраас ажиглагчийн байр сууриас л оролцоно. МАН-ын дүрэмд намын их хурлаас дараагийн их хурал хүртэл намын дарга сонгогддог. Энэ онд намын их хурал хуралдах товтой. Улстөрийн намын тухай хуулийн дагуу 12 дугаар сарын 31-ний дотор их хурлаа хуралдуулж, намын даргын асуудлыг шийднэ.
–Та УИХ-ын Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга. Монгол Улсын Ерөнхий сайдыг хариуцлага хүлээхээс илүү орлогоо нотолчих гэсэн шаардлагыг олон нийт тавьсан шүү дээ ?
-Би гадаа жагсаж буй залуусыг үзэл бодлоо илэрхийлж байгааг дэмжиж байна. Нийгмийн амьдралын түвшин ямар байгааг хүн бүр мэдэж байна. Гэтэл нийгмийн сүлжээнд хэт тансагласан бодит зургууд гарсан нь олон нийт бухимдах шалтгаан болсон гэвэл тийм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хүү 23 настай юм билээ. Эрхзүйн бүрэн чадамжтай этгээд гэсэн үг. Тэр залуу өөрөө орлогоо нотлох ёстой. Үүний дараа хууль, шүүхийн байгууллага үнэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа гэж үзвэл үргэлжлүүлэн шалгаад, гэмт буруутайд тооцтол бид хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломж өнөөдөр эрхзүйт төрийн орчинд байхгүй.