Израил улс Газын зурваст бүрэн хяналтаа тогтоохыг зорьж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Б.Нэтаньяху мэдэгджээ.
Тэрээр даваа гарагт өөрийн дүрстэй мэдэгдлийг цацсан бөгөөд бичлэгтээ тэрээр ням гарагт эрчимжүүлж эхэлсэн довтолгооны дагуу Израил улс Газын зурвасын бүхий л хэсэгт хяналтаа тогтоох болно гэжээ.

Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвас дахь стратегийн хувьд маш чухал, түшиц бүхий байршлуудад хуурай газрын цэргүүдээ буулгаж, хөдөлгөж эхэлснээс гадна Хамасын орогнож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй 160 гаруй байршилд агаарын цохилт үзүүлээд байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот болон тус хотын зүүн захын дүүргүүдийг нүүлгэн шилжүүлэхийг тушааж, тухайн байршилд “урьд өмнө байгаагүй” томоохон цохилт үзүүлэх гэж байгааг оршин суугчдад анхааруулжээ.
Харин Газын зурвасын эрүүл мэндийн албаныхны зүгээс даваа гарагт мэдээлэхдээ сүүлийн 24 цагийн дотор Израилын довтолгоо, цохилтын улмаас 136 хүн амь үрэгдсэн гэжээ.

Израилын тал 3-р сарын 2-ноос эхлэн Газын зурваст нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зогсоосноос үүдэн Газын оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэхэд ойртож ирээд байсан бол ням гарагт Израилын зүгээс тодорхой хэмжээний хүнсний тусламжийг нэвтрүүлэхээ мэдэгдэж, улмаар даваа гарагт хүмүүнлэгийн тусламж бүхий НҮБ-ын 5 ачааны машиныг Газын зурваст нэвтрүүлсэн байна. Гэвч 2.1 сая гаруй палестинчуудад хангалттай хоол хүнс хүргэх, нэвтрүүлж буй хүмүүнлэгийн тусламж бүх оршин суугчдад хүрэлцээтэй эсэх нь тодорхойгүй байсаар байна.
Энэхүү асуудал дээр Израилын ерөнхий сайд хэлэхдээ, АНУ-ын дэмжлэгтэй төлөвлөгөөний дагуу хүмүүнлэгийн тусламжийн бараа, хоол хүнсийг иргэдэд тараах тусгай төвүүдийг Израилын зэвсэгт хүчин болон хувийн компаниуд хамтран байгуулсны дараа л оршин суугчдад хуваарилан олгох болно гэжээ.