АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдсэнийхээ дагуу даваа гарагт ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар холбогдон ярилцлаа. Украины дайныг зогсоох асуудлаарх тэдний яриа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хэдий ч гал зогсоох тал дээр дорвитой үр дүн гаргаж чадаагүй байна. Д.Трамп энэ талаар “Дажгүй сайн яриа өрнөсөн. Ярианы өнгө аяс ч “маш сайн” байсан. Орос, Украин улсууд гал зогсоох асуудлаар нэн даруй яриа хэлэлцээг эхлүүлэх болно. Мөн хамгийн чухал нь дайныг дуусгах болно” хэмээн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ. Тэрээр “Зөвхөн хоёр тал л яриа хэлэлцээний нарийн ширийнийг мэдэж байгаа. Тэд энхийн үйл явцыг урагшлуулахын тулд тэд шууд хэлэлцээ хийх ёстой” хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Трамптай мэдээлэл солилцсон, бүтээлч яриа явуулснаа тодотгож, хэрвээ шаардлагатай тохиролцоонуудад хүрч чадвал түр гал зогсоох боломжтой хэмээн хэлсэн байна. Тэрээр Сочи хотноо сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “ОХУ Украины талтай ирээдүйд боломжит, энхийн гэрээ хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигийг байгуулахад бэлэн. Энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ бид АНУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцсон” гэжээ. В.Путин мөн өмнө нь удаа дараа мэдэгдэж байсанчлан энэ дайн, хямрал гарах болсон суурь шалтгаануудыг устгах нь ОХУ-ын тодорхой байр суурь юм гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Даваа гарагт Д.Трамп мөн Украины Төрийн тэргүүнтэй ч утсаар ярилцсан юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киев хотноо хийсэн мэдэгдэлдээ яг одоо түүхэн шийдвэрлэх мөч ирээд байгааг онцолж, яриа хэлэлцээнд АНУ болон ЕХ-ны төлөөлөгчид заавал оролцох ёстойг тодотгож, АНУ-ыг яриа хэлэлцээнээс зайгаа барьж, холдохгүй байхыг уриалж, гал зогсоох яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлаар Москвагаас сураг ажиг хүлээн суусаар байна гэдгээ илэрхийллээ. “Бид эхлээд Оросын талын саналыг харах шаардлагатай байна. Тэгж байж бид бодлоо цэгцлэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ бид Оросын тавьсан саналыг дэмжих боломжгүй бол бид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай өөр боломж, бололцоогоо хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн В.Зеленский хэлсэн байна.
Харин Трамп, Путин нар нүүр тулж уулзахаар төлөвлөсөн эсэх талаараа огт дурьдаагүй байна. Ийнхүү хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тэдний ярианаас Орос, Украины талууд гал зогсоох яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлж, энхийн гэрээ байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад бэлэн гэсэн хоёр зүйлээс өөр дорвитой үр дүнд хүрээгүйгээс гадна зарим ажиглагч Трампын дайныг зогсоож, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучилж байсан өмнөх өөдрөг байдал нь үгүй болж, “Зөвхөн хоёр тал л яриа хэлэлцээний нарийн ширийнээ мэдэж байгаа” гэж хэлснээрээ тэднийг хоорондоо учраа олцгоо хэмээн орхиж, АНУ хэлэлцээрийн ширээг бүрмөсөн орхиж магадгүй гэдгийг илэрхийлсэн дохио боллоо гэж үзээд байна.
Тэрээр даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энд маш том эго нөлөөлж байна. Гэхдээ ямар нэг зүйл болж, үр дүн гарна гэж би бодож байна. Хэрвээ үр дүн гарахгүй бол би зүгээр л нэрээ татаж, тэд өөрсдөө цаашаа явах хэрэгтэй болно” гэжээ. Трамп мөн АНУ хоёр улсын хооронд зуучилж буй яриа хэлэлцээнээс холдохгүй ч гэсэн тэднийг дайнаа зогсоохыг шахаж шаардахаа хэзээ болих вэ гэдэг “улаан зураас” түүний толгойд байгаа хэмээн хэлсэн байна.
Ямартай ч Орос, Украин улс ямарваа нэгэн хэлбэрээр гал зогсоох яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь тодорхой болж байна.