Улс төр Ерөнхий сайдын хүүгээс болж халуурч байна. Орлогоо нотлохыг шаардсан жагсаал даамжирч, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй. Тийм ч болохоор улс төрийн нөхцөл байдлаас болж МАН-ы бүлгийн хурал ч халуухан болсон сурагтай. Бүлгийн хурал намуудтай хамтарч засаг барьж байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг Удирдах зөвлөл, бүр цаашилбал намынхаа Бага хурлаараа хэлэлцэн шийдэх болж байх шиг байна. Бүлгийн хурлын дараа Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч дуудаж уулзжээ. Тэрбээр засагт хамтарсан нь буруу гэж үзсэн шиг байна. Мөн бусад намуудыг засгаас гаргахыг шаардсан бололтой. Гэхдээ Ерөнхийлөгч эв эеийг сахиулах үүргээ санаж байсан байх аа гэж бодож байна. Ингэхгүй бол нийгэм бужигнасаар байх болно гэсэн юм болов уу. Харин Ерөнхий сайд хамтарсан засаг тарвал би энэ албан тушаалаа өгье дөө гэсэн сурагтай. Хэрэв МАН болон Ерөнхийлөгч дараагийн ээлжнийхэн хоолондоо орох цаг нь болсон гэж үзвэл хамтарсан намуудаа хөөж гаргаад дангаараа засгаа барих юм шиг байна. Хэрэв дангаараа засаглах гэж үзвэл зургаан сарын л настай засгууд ар араасаа цуврах болов уу. Өнгөрсөн 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн түүхийг энэ удаа МАН давтаж мэдэх юм. Юм хоржоонтой, аягүй бол магадгүй л байх.
Үүн дээр нэмээд өчигдөр Ардчилсан намын залуучууд намаа засгаас гар гэсэн шаардлагыг намынхаа дарга, УИХ дахь бүлгийн дарга нартаа гардуулсан. Тэгэхээр хоёр талын шаардлагаар энэ удаагийн хамтарсан засаг тарах нь ердөө цаг хугацааны асуудал болж байна. Харин МАН дангаараа засгаа байгуулаад явбал Л.Оюун-Эрдэнэ лав Ерөнхий сайд хийхгүй бололтой.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дархан
One response to ““Хамтарсан засаг тарвал би энд байж юугаа хийх вэ” гэж Ерөнхий сайд хэлжээ”
Өм аль хэдийн Л.Оюун-Эрдэнэд худалдагдсан шдээ