МАН-ын 6 дугаар бага хурал эхэллээ. Бага хурлын шийдвэр хэрхэн гарахаас хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Хамтарсан засгийг хэрхэх асуудлаар МАН-ын бага хурлын гишүүдийн байр суурийг TIME.MN сайт хүргэж байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хамтарсан Засгийн газар байх ёстой эсэх санал манай намаас гараагүй. Хамтарч байгаа улс төрийн намууд ийм байр суурь илэрхийлж байгаа учраас бид энэ асуудлыг бага хурлаараа хэлэлцэх гэж байна. Би Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүн. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах ёстой гэсэн шийдвэр гарч байхад, би дэмжиж саналаа өгсөн. Миний санал одоо ч хэвээрээ.
МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг: Өнөөдөр баялгийн тэгш хуваарилалтыг яаж хийх юм, илүү чинээлэг нийгмийг хэрхэн бүтээх юм гээд олон жил ярьсны эцэст Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд, хамтраад энэ засгийг байгуулсан. Том асуудлаа олж харах ёстой. Хий хоосон улстөржилтөд Монголын ард түмэн дандаа ялагдаж ирсэн.
МАН-ын бага хурлын гишүүн Д.Тогтохсүрэн: Бид том эрх ашгаа л харах ёстой. Том эрх ашиг гэдэг бол Монголын эрх ашиг. Хэн Ерөнхий сайд байх нь хамаагүй, хэн намын дарга байх нь хамаагүй. Энэ 4 жилд Монгол ардын нам хүссэн хүсээгүй бусад намтай хамтрах ёстой. Хамтарна гэж бид Үндсэн хуулиа өөрчилсөн. Цаашид Монгол Улс хамтарч байж л зөв юманд хүрнэ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ерөнхий сайдын өөрийнх нь итгэл үнэмшил, байр суурийг сонсъё гэж бодож байна. Хэрвээ МАН дангаараа Засгийн газраа байгуулбал маш хүнд ачаа үүрнэ л гэж бодож байна. Хамтрах эсэх асуудлыг анх бага хурлаар шийдэж байсан одоо ч бага хурал шийдэх гэж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Хамтарсан Засгийн газар байгуулсан нэг үндэслэл бол хамтдаа нэгдэж, том төслүүдээ урагшлуулах л байсан. Тийм учраас энэ эрчээрээ урагшлах ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад, 10 сар өнгөрсөн байна. 20 жил гацсан хоёр ч том төслийг энэ хугацаанд хөдөлгөж чадсан.