АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай, нэн шинэ үеийн “Golden Dome” буюу “Алтан бөмбөгөр” хэмээх системийн загварыг сонгож, төрийн тэргүүнээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа амжиж ажиллагаанд оруулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр мягмар гарагт Цагаан ордны Зууван танхимд 175 тэрбум ам.долларын өртөг бүхий пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан бөмбөгөр” системийн төлөвлөгөөг зарлан танилцуулж, энэхүү хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын сансрын зэвсэгт хүчний сансрын ажиллагааны дэд даргын албыг хашиж буй генерал Майкл Гетлейныг нэрлэн томилохоо мэдэгдсэн байна.
Д.Трамп өнгөрсөн 1-р сард тангараг өргөж, үүрэгт албандаа орох үедээ л АНУ-ыг орчин үеийн баллистик болон далавчит пуужин гэх зэрэг болзошгүй агаарын довтолгоо, аюул заналхийллээс хамгаалах зориулалт бүхий цоо шинэ системийг танилцуулна гэдгээ цухас мэдэгдэж байсан юм.
Тэгвэл тэрээр мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Алтан бөмбөгөр” систем түүнийг албан тушаалаасаа буухаас өмнө бүрэн ажиллагаанд орох бөгөөд сансраас харвасан пуужинг ч амдан устгах хүчин чадалтай байх болно хэмээн онцолсон байна.
Трампын онцлоод буй энэхүү систем нь эсрэг талын харвасан пуужингийн довтолгоог илрүүлэн, чиглэлийг нь тогтоож, амдан устгах чадалтай олон зуун хиймэл дагуулуудын нэгдсэн сүлжээнээс бүрдэх ажээ. Уг системийг 2011 оноос хойш ашиглаж буй Израилын “Iron Dome” буюу “Төмөр бөмбөлөг” хэмээх агаарын довтолгооноос хамгаалах системээс хэсэгчлэн санаа авч бүтээж байгаа ба АНУ-ыг тэр чигт нь хамгаалах зориулалтаар хэмжээ болон хүчин чадлын хувьд дээрхээс хэд дахин илүү байх юм байна.
Д.Трамп мэдэгдэлдээ Канад улс энэхүү хамгаалалтын системд багтаж оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг дурьджээ. Мөн түүнчлэн нийт 175 тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд эхний ээлжинд 25 тэрбум ам.доллар шаардлагатай болох бөгөөд эхлэлийн санхүүжилтийг Конгрессээр хараахан батлагдаагүй байгаа Трампын “One Big Beautiful Bill” хэмээх татвар болон төсвийн холбогдолтой шинэ хууль хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэхээр болжээ.
Гэхдээ энэ төрлийн өндөр өртөг бүхий төсөл хөтөлбөрүүд он удаан жилийн хугацаанд хэрэгждэгээс гадна давхар улс төр асуудал болон санхүүжилтийн тодорхойгүй байдал зэрэг нөхцлүүдээс шалтгаалан удаашрах явдал байдаг байна.
Түүнчлэн сөрөг хүчний Ардчилсан намын хууль тогтоогчид төсөл хөтөлбөрийн худалдан авалтын үйл явц болон төсөлд Элон Маскийн SpaceX компани хамтран оролцохоор болсон явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд байна. Тус компани “Алтан бөмбөлөг” системийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг бүтээж, үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэхээр болоод буй зэвсэгт үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч, дотоодын “Палантир” болон “Андурил” компаниудтай хамтран ажиллаж, оролцохоор болсон ажээ.