Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдаад буй. Талийгаач Л.Орхоны амиа алдсан шалтгаан нь санаандгүй осол уу, амиа хорлолт уу гэдгийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа аж. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа юм. Тэгвэл энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаад талархаж байна. Би нэг зүйлийг онцгойлон хэлье. Манай бэр миний охиноос ялгаагүй хүүхэд. Миний хүүгийн эхнэр, миний гурван ачийн ээж өөд болж, тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэж би хэлмээр байна. Одоо Тайланд улсын хууль, шүүхийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Цаашид хуулийн хүрээнд албан ёсны шийдвэрүүд гарна гэж бодож байна. Одоо 49 хоног нь болоогүй байхад бид янз бүрийн мэдэгдэл хийж, хүмүүсийн толгой тархийг эргүүлэх хэрэггүй гэж бодож байгаа. Гэхдээ зайлшгүй хэлэх шаардлагатай зүйл байна. Учир нь сүүлийн үед фэйсбүүк болон хэвлэлээр буруутгасан янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ мэдээллүүдийг дуу дуугаа авалцаад, шэйрлээд дамжуулаад өгөөрэй гэх юм. Эдгээр мэдээлэлд хүлээцтэй, тайван байгаач ээ гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг бужигнуулах шаардлагагүй гэж бодож байна. Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад, яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна. Тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Жаахан хүүхдүүд. Миний зургийг хүртэл явуулж байгаа. Тэр яах вэ. Тэгээд байж л байх юм байгаа биз. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай, анхааралтай байж байгаач ээ л гэж хүсэх гэсэн юм” гэжээ.