“Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг өчигдөр танилцууллаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.
———————————————————————
-Энэ жилийн хүний хөгжлийн илтгэл “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” гэсэн сэдэвтэй юм байна. Ер нь хүний хөгжлийн илтгэлийн гол утга санаа юу вэ?
-Хүний хөгжил гэдэг эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанар болон технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Гэтэл сүүлийн тавхан жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн зүйл бол хиймэл оюуны хурдацтай хөгжил юм. Орчин үед хүний хөгжилд хиймэл оюуны нөлөө, хэрэглээ маш чухал болоод байна. Тэр ч утгаараа энэ оны хүний хөгжлийн илтгэлийг хиймэл оюунтай холбон боловсруулсан нь цаг үеэ дагасан маш чухал, оновчтой байна.
-Манай улсын хүний хөгжлийн индекс ямар байна вэ?
-Хүний хөгжлийн индекс нэг хүнд ногдох ДНБ-тэй бараг шугаман хамааралтай байдаг. Сүүлд хийсэн судалгаагаар манай улс энэ индексээрээ дундаас дээгүүр орлоготой хэсэг бүлэг улсуудын дунд хавьд байна. Бодит орлогын түвшнээс хүний хөгжил нь арай дээгүүр байна гэж харлаа. Дэлхийн улс орнуудыг хүний хөгжлийн түвшнээр нь бага, дунд, өндөр, маш өндөр гэж дөрвөн багц болгосон байдаг. Үүнээс харвал бид дээрээсээ хоёрт явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 193 орноос 104 дүгээрт эрэмбэлэгдэж, өндөр гэсэн ангилалд багтаж байна. Цаашид хүний хөгжлийн индексээ унагаахгүй, улам урагшлахын тулд орчин үеийн шийдлүүдийг хоцорч биш, түрүүлж авч хэрэглэх хэрэгтэй.
-Хиймэл оюуныг Монголын хөрсөнд яаж ашиглавал зүйтэй вэ?
-Монголчууд хиймэл оюуныг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн. Өдгөө бага зардлаар үндэсний хэл дээрээ хиймэл оюуныг хөгжүүлчихсэн байгаа. Энэ мэтчилэн хэд хэдэн шийдлүүд байгаа нь олон улсад сайн жишээ болж байна. Хиймэл оюуныг хэрэглэх зах зээл нь ч их, бага хэмжээгээр бий. Түүнчлэн монгол залуучууд төрийн үйлчилгээнд зориулсан программ зохион бүтээгээд хэрэгжүүлж байна. Үүнийг цаашид яаж хөгжүүлж, дэмжих вэ гэдэг зүйл яригдана. Хиймэл оюуны программ хангамжийн цаана машин ажилладаг.
Тэр машиныг компьютерийн үнэтэй тоног төхөөрөмж ажиллуулдаг бөгөөд цахилгаан зарцуулалт ч ихтэй. Шинийг санаачилж байгаа залуучууд тэр бүр их хэмжээний зардал гаргаад байж чадахгүй. Тиймээс төрийн бодлогоор хэд хэдэн серверийг хүчитгэх, түүн дээрээ хүчин чадалтай процессоруудыг нэмж суулгаж, түүнийгээ AI хөгжүүлж байгаа компаниудад хөнгөлөлттэйгөөр түрээслэх хэрэгтэй. Тэгж чадвал эхэлчихсэн байгаа ажлууд сайжирч, улам хүчирхэгжих нь тодорхой. Дээрээс нь AI их өгөгдөлтэй ажиллаж байж зөв дүгнэлт гаргаж, улам хүчирхэг болно. Төрийн үйлчилгээнд хамгийн их өгөгдөл байдаг. Тэрхүү өгөгдлөөс хувь хүний мэдээллийг нуун бусад өгөгдлийг нээлттэй болгох талаар хуулийн заалт бий. Энэ бол дээр үед баталсан хуулийн заалт. Тэр ч утгаараа хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх ажлыг УИХ болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны зүгээс нэлээн шахаж байгаа. Салбар яам ирэх сарын 1-нээс эхлэн эхний датаг нээнэ гэдгээ амласан. Өгөгдөл болон техник хангамж нь байвал бид хиймэл оюуныг хөгжүүлж чадна. Угаасаа чадаж байгаа. Харин цаашдаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх шаардлагатай.
-Хиймэл оюуны хөгжлийг дагаж гарах аюул, эрсдэл юу байна вэ. Тэдгээрээс хэрхэн хамгаалж, саармагжуулах вэ?
-“Manipulative AI” гэж байдаг. Энэ нь товчхондоо сэнхрүүлэх зорилготой хиймэл оюуны үзэгдэл юм. Олон нийтийн сэтгэл санааг буруу тийшээ чиглүүлэх, зориудаар худлыг үнэн болгож итгүүлэх санаачилгыг хиймэл оюун өөрөө гаргаж байна. Энэ асуудлыг өндөр хөгжилтэй орнууд анхаарлынхаа төвд авч эхлээд байна. Тухайлбал, эрх зүйн орчинд хязгаарлалтуудыг тавьж байна. Юм гэдэг үе шаттай байдаг. Бид байхгүй зүйлээс айж зогсохын оронд хиймэл оюуныг аль болох уян хатан, нээлттэй дэмжих хэрэгтэй. Ингээд хөл дээрээ зогсоод ирэхээр нь хянах хэрэгтэй. Ингэхийн тулд хянах механизмтай байх ёстой. Хиймэл оюунаас үүдэх эрсдэлээс хамгаалахын тулд “Manipulative AI”-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийдэг өөр нэгэн AI хэрэглэж, хязгаарлах арга хэмжээнүүдийг авч болно. Мөн AI хүмүүсийн ажлын байрыг булаачихна гэдэг зүйл яригддаг. Энэ үнэн. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш. Хиймэл оюун хүмүүсийн ажлыг хийнэ гэдэг эдийн засаг хийгээд хөдөлмөрийн харилцаа гэхээс илүүтэйгээр философийн асуудал. Хүн ажлын байрны боол байж болохгүй. Хүн технологийн хэрэглэгдэхүүн биш. Эсрэгээрээ хүн гэдэг технологийг хэрэглээд илүү их бүтээл гаргах чадамжтай оршихуй юм. AI хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, автоматжуулах юм бол тэр хэрээрээ хүн зав чөлөөтэй болж, илүү ихийг хийж бүтээнэ. Богино хугацаанд ажиллаад их амрах юм бол сайн биз дээ. Энэ бол айдаст автах зүйл биш гэж боддог. Шилжилтийн үе учир хүмүүс санаа зовж байгаа нь мэдээж. Машин техник үүсэхэд ч хүмүүс санаа зовж л байсан. Нөгөөтэйгүүр хүн өөрөө маш хүчирхэг амьтан. Хүний тархи гэдэг байгалийн шалгарлын үр дүнд бий болсон шигшмэл бүтээгдэхүүн. Харин AI бол хүний тархины логик дээр үндэслэж гаргасан загвар. Сонирхолтой нь тэр загвар нь ажиглалтад тулгуурлаж буюу байгаа өгөгдөлд тулгуурлаж дүгнэлт гаргадаг. Үүнээс гадна хиймэл оюун өөрийн гэсэн шинэ логикийг бий болгож тэр нь хүнээс хамааралгүй, хүний хяналтгүй болж огт өөр дүгнэлтүүд гарч нийгэмд аюул учруулах вий гэсэн таамаглалууд бий. Ийм уран зөгнөлт кинонууд ч байдаг. Мэдээж хэрэг аливаа зүйлийг 100 хувь үгүйсгэж болохгүй. Гэхдээ эцсийн дүндээ хүн өөрөө супер амьтан. Хүний тархи аливаад тийм ч амар бууж өгөхгүй. Тиймээс хэтэрхий их алсыг бодож болгоомжлох нь дэмий гэж бодож байна.
-Та “Инженерийн 10 шийдэл” гэсэн XXI зууны Монгол ямар байх тухай ном бичсэн байсан. Уг номд тань хиймэл оюуны талаар бий юу?
-“Инженерийн 10 шийдэл” номд инженер техникийн шийдлүүдийг жишээ болгосон 10 богино өгүүллэг бий. Өгүүллэг болгоны өмнөх зургийг AI ашиглаж зурсан. Яг “AI”-ийн талаарх өгүүллэг номд байхгүй. Номын ерөнхий агуулга нь “Монголчууд тооны цөөнийг технологиор нөхнө” гэх санаа юм. XXI зуунд мэдлэг нээлттэй болчихсон учир том, жижиг үндэстний ялгаа байхгүй. Бид Орос Хятадуудын хийж чадаж байгаа зүйлийг хийж чадна. Тэр нь ч монголчуудын араншинд тохирно. Бид хурдыг шүтдэг, хэмжээг биш. Цөөний хүчээр ихийг хийдэг. Үүнд ч орчин үеийн технологи ихээхэн тохирч байгаа юм. XIII зууны үед монголчууд технологиороо илүү байсан учраас бусдыг дагуулж байсан. Харин орчин үед шинэ зууны технологи хүртээмжтэй болсноор бид бусдаас дутахгүй гэдгийг номоороо дамжуулж илэрхийлэхийг зорьсон.
-Хүн төрөлхтний 60 хувь нь хиймэл оюун тэдний ажил, амьдралд эергээр нөлөөлнө гэж үзсэн ч хөгжиж буй орнуудад энэ чадавхыг бүрэн ашиглахад шаардагдах ур чадвар хомсдолтой хэвээр байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Монголчуудад хиймэл оюуныг бүрэн ашиглахад шаардагдах ур чадвар байгаа. Тэрхүү ур чадварыг хүртээмжтэй болгохын тулд илүү олон салбарт “AI”-г хэрэглэхээс гадна машин, тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Тэр нь өртөг өндөртэй тухай өмнө ярьсан. Тэгэхээр үүн дээр л бид төрийн бодлогоор дэмжиж, сервер төвүүдийг хүчитгэх хэрэгтэй байна. Ингэж чадвал залуучууд илүүг хийж чадна. Тиймээс ур чадварын тал дээр би монголчуудад эргэлзэхгүй байна.
-Манай улсын тухайд аль салбарт хиймэл оюун илүү бодитой нөлөө үзүүлж байна вэ?
-Банкуудын тухайд хиймэл оюуныг ашиглан бичиг баримтад анализ хийж шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргаж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр худалдан авалтын тендерийн материалууд дээр дүгнэлт гаргаж байгаа. Мөн “Монгол-Япон”-ы эмнэлэгт тархины MRI зургуудад хиймэл оюунаар хийсэн анализ дүгнэлт нь эмчийн хийсэн дүгнэлттэй 98 хувь тохирсон тухай сонссон. Энэ мэтчилэн хиймэл оюуныг ашиглаж байгаа жишээнүүд бий. Аль салбарт илүү нөлөө үзүүлж байна вэ гэдэгт хариулахад арай эрт байна. Харин аль салбарт хамгийн их нөлөө үзүүлэх хэрэгтэй вэ гэвэл эрүүл мэнд, боловсрол гэж бодож байна.
-Хүний хөгжлийн илтгэлд хиймэл оюуны боломжууд нөхцөл байдлаас хамаарна гэжээ. Энэ нь ямар учиртай юм бол?
-Хиймэл оюуны боломжийг бүрэн ашиглахын тулд нэгдүгээрт, техникийн дэд бүтэц хэрэгтэй. Тэр нь хиймэл оюуныг ажиллуулах машин, тоног төхөөрөмж, цахилгаан, интернэт юм. Монгол Улс интернэтийн хүртээмж харьцангуй сайтай гэж тооцогддог. Хэдий тийм ч нэг хэсэг нь 5G сүлжээг ашиглаад эхэлж байхад огт сүлжээгүй газар ч байсаар байна. Тэгэхээр бид хамгийн түрүүнд бүх нутаг дэвсгэртээ өндөр хурдны интернэттэй болох хэрэгтэй. Энэ бол хиймэл оюуныг хэрэглэх гол суурь. Интернэт байхгүй бол хиймэл оюуныг ашиглах нь байтугай банкны гүйлгээ ч хийж чадахгүй. Интернэтийн хүртээмж л хамгийн гол нь болчихоод байна. Тиймээс хүртээмжээ сайжруулах шаардлага байгаа. Бусдаар харьцангуй гайгүй гэж бодож байна.
-Инноваци, цахим бодлогын байнгын хороо энэ чиглэлд цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-ЦХИХХЯ болон УИХ дахь Инноваци, цахим бодлогын байнгын хорооны төлөөллүүд гадны туршлагыг судалж үзсэний эцэст Монголд хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан. ЦХИХХЯ энэ чиглэлд манлайлан тэрхүү стратегийг боловсруулж байгаа. Удахгүй үр дүнг нь танилцуулах байх. Тэр үед нь Байнгын хороон дээр хэлэлцээд, дараа нь ямар зохицуулалт хийхээ шийднэ. УИХ-д хиймэл оюуныг дэмжих гишүүдийн албан бус бүлэг байдаг. Бүлэгт салбар салбарын олон хүн байгаа. Тэд хиймэл оюуны хөгжлийг дэмжсэн төсөв, хөтөлбөр дээр дэмжих байр суурьтай гэж ойлгож болно.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа