МАН-ын ээлжит бус Бага хурал өнөөдөр 15:00 цагт хуралдана. Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг тараах уу, эсвэл энэ бүтцээр нь үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг шийдвэрийг гаргах юм байна. Бага хуралд Ерөнхий сайд Засгийн газрын хийсэн ажлын тайлангаа эхлээд танилцуулах аж. Мэдээж Бага хурлын гишүүд асуулт тавьж, хариулт нэхнэ. Бас өөр, өөрсдийнхөө саналаа илэрхийлнэ. Нийгэмд үүсээд буй асуудлыг Бага хурлын гишүүд халуун тогоондоо өргөн хүрээнд хэлэлцэж, гал авалцсан шийдвэр гарна гэсэн хүлээлт олон нийтэд буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой мэдээлэл ийнхүү засаг ганхахад хүргэв. Улс төр судлаачид энэ үйл явдлыг дүгнэхдээ “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохын тулд зориуд уг сэдвийг өлгөн авч, зохион байгуулалттайгаар нийгмийг өдөөн турхирч байх шиг. Цаанаа асар том мөнгө, эрх мэдэлтэй холбоотой асуудлыг явуулахын тулд Л.Оюун-Эрдэнийн хүү дээр фокусалж байна. Эрх баригч МАН болон бусад намуудад сайдын суудалд тухлахыг хүсэгчид байж ядаж буй. Хамтарсан засгийг огцруулаад сайн үр дүнд хүрэхгүй. Том зургаараа улс орны эдийн засаг гацаанд орно. Магадгүй энэ удаад МАН Ерөнхий сайдаа огцруулбал 2028 оны сонгуульд элгээрээ хэвтэнэ. Тэр цагт аль ч нам эрх барьсан өнөөдрийн мега төслүүдээс ганц нь ч хөдлөхгүй.
Ялангуяа нэг нам дангаараа засаглалаа гэхэд сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарна. Иймд улсын ажлыг урагшлуулъя гэвэл хамтарсан Засгийн газар хамгийн оновчтой шийдэл. Тэгээд ч Үндсэн хуулиараа энэ боломжийг нь тогтоочихсон” гэж байна.
МАН-ын Бага хурал 400 гишүүнтэй. Аймаг, сумдын анхан, дунд шатны намын үүрийн дарга нар Бага хуралд байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс “МАН дангаараа засаглах ёстой” гэдэг шахалтыг Ерөнхий сайдад тавьсан гэж байгаа.
Харин Ерөнхий сайдын зүгээс хамтарсан засгаа хадгалж үлдэнэ гэсэн байр сууриндаа бат зогсчээ. Бага хурлын ширүүн галыг давж чадвал танхимаа бүтнээр нь аваад үлдчихэж ч мэднэ. Ерөнхийдөө МАН-ын гишүүдийн зүгээс засгийг хөдөлгөх нь ухаалаг шийдэл биш гэдгийг хэдэнтээ илэрхийлж байгаа харагдана лээ. Тэгээд ч МАН-ын Бага хурлаар намын даргад хариуцлага тооцохгүй. Намын дүрэмдээ энэ талаар тов тодорхой заажээ. Зөвхөн Их хурлаараа намын даргыг сонгодог аж.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Мөнх