Гадаадын иргэн, харьяатын газарт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25.582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт иржээ. Тэдний 98.1 хувь буюу 25.094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19.434 хүсэлт иржээ. Үүнээс 53 орны 16.930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан байна.
Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:
- БНХАУ 15135,
- Тайвань 710,
- БНЭУ 427,
- БНСУ 352,
- Бусад улсын 306 иргэн байна.