Израил улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёр ажилтан орон нутгийн цагаар лхагва гарагийн үдэш буудуулан амиа алдсан харамсалтай хэрэг явдал гарчээ.
Буудуулсан ЭСЯ-ны ажилтнууд нас барсан болохыг АНУ-ын дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн арга Кристи Ноэм нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв.
Израилын ЭСЯ-ны ажилтнууд болох эрэгтэй, эмэгтэй хоёр хохирогч нь залуу хосууд байсан бөгөөд тэд Газын зурвасын оршин суугчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Вашингтон хот дахь Еврейчүүдийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцоод гараад явж байдаа буудуулсан байна.
Тэднийг буудсан сэжигтэн баригдсан байна. Цагдаагийн газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэжигтэнг Чикаго хотын оршиг суугч, 30 настай Элиас Родригез гэгч болохыг нэрлэн зарлаж, түүнийг уг хэргийг үйлдэхээсээ өмнө ямарваа нэгэн байдлаар цагдаагийн хараа, хяналтанд байгаагүй гэсэн байна. Түүнийг баривчлах үеэр тэрээр “Палестиныг чөлөөл” хэмээн орилж хашгирч байсан ба цагдаа нар энэхүү хэргийг “терроризмтой холбон шалгах болно” гэжээ.

Вашингтон хот дахь Израилын ЭСЯ-ны зүгээс тус яамны хоёр ажилтанг ойрын зайнаас буудан хороосон хэмээн мэдээлсэн бол Израилын гадаад хэргийн сайд Гидеон Саар уг хэргийг “цочирдом террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.
Израилын ерөнхийлөгч Исаак Херцог мөн уг хэргийг “үзэн ядалт, еврейчүүдийн эсрэг үзлийн жигшүүрт үйлдэл” гээд, “Америк, Израил хоёр улсын ард түмэн нийтлэг үнэт зүйлсээ хамгаалахын тулд нэгдмэл зогсох болно, терроризм, үзэн ядалт биднийг эвдэж, салгаж чадахгүй” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ч мөн уг хэргийн талаар харамсаж байгаагаа илэрхийлээд, “антисемитизмын үүднээс үйлдэгдсэн хэрэг гэдэг нь тодорхой байна, энэ төрлийн аймшигтай аллагын хэргүүдийг яг одоо зогсоох хэрэгтэй байна, үзэн ядалт болон радикализм АНУ-д байх ёсгүй” гэжээ.
Одоогийн байдлаар халдлагад өртөж, буудуулан нас барсан Израилын ЭСЯ-ны хоёр ажилтны нэрийг хараахан зарлаагүй байна.