Б.Нетаньяху: Израил улс Газын зурвасыг бүрэн хяналтандаа байлгана


Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху орон нутгийн цагаар лхагва гарагийн үдэш хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ үеэрээ Хамас бүлэглэлийн де факто удирдагч Мохаммед Синварыг “хөнөөсөн байж магадгүй” гэж мэдэгджээ.

Тэрээр хэлэхдээ, Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааны үе шат тодорхой үр дүнд хүрсэн, тэр дундаа Хамас бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Синварыг хөнөөсөн байж болзошгүй байгаа ч ерөнхий зорилгоо хараахан биелээгүй байгаа гэжээ. Тэрээр “бид олон арван мянган террористуудыг устгасан, бид алуурчдын толгойлогч Дейф, Хание, Яаяа Синварыг устгасан, Мохаммед Синварыг ч хөнөөсөн байж магадгүй” хэмээн хэлжээ.

Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт М.Синварын байгаа гэгдэх Газын зурвасын Хан Юнис хотын Европ эмнэлэгт агаараас олон тооны цохилт үзүүлсэн юм. 

Мохаммед Синвар нь өнгөрсөн оны 10-р сард Газын зурвасын өмнөд хэсэгт алагдсан, Хамас бүлэглэлийн удирдагч агсан Яаяа Синварын дүү бөгөөд хэрвээ түүнийг хөнөөсөн гэдэг нь батлагдвал Хамас бүлэглэлийн удирдагчдыг устгах Израилын төлөвлөгөө нэг шат ахих болно.

Б.Нэтаньяху мөн “богино хугацаанд гал зогсооход бэлэн, гэхдээ гал зогсоох нь түр хугацааны байх ёстой, цаашид Газын зурваст зохицуулалт хийхийн тулд Израил улс Газын зурвасыг бүхэлд нь хяналтандаа байлгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрээр Газын зурваст барьцааны 20 гаруй хүн хоригдож байгааг дурьдаж, Израил улсын үндэсний аюулгүй байдлыг тодорхой баталгаажуулсан нөхцөлд тус улс дайныг зогсооход бэлэн гээд, үүнд бүх барьцааны хүмүүсийг суллах, Хамас бүлэглэлийн зэвсгийг хураах, удирдлагыг нь Газын зурвасаас хөөж гаргах, Газын зурвасыг бүрэн зэвсэггүйжүүлэх зэрэг багтаж байгааг Б.Нетаньяху дахин мэдэгдлээ.

Израилын ерөнхий сайдын лхагва гарагт хийсэн энэхүү хэвлэлийн бага хурал нь түүний 2024 оны 12-р сараас хойших анхны хэвлэлийн бага хурал болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *