Өчигдөр 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө 03.00 орчимд өндөрлөлөө. Бага хурлын шийдвэрийн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. “МАН-ын VI Бага хурал хуралдаж дууслаа. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Бага хурлын 40 гаруй гишүүн Ерөнхий сайд болон намын удирдлагуудаас асуулт асууж, олон талаас нь хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол батлагдлаа.
Тогтоолд Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад намуудад танилцуулж, дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрбээр хариуцлагаа хүлээгээд огцрох нь тодорхой боллоо. МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх магадлал өндөр байгаа тухай мэдээлэл байна.