С.Ганбаатар: Ухаа худагаа өг гэхээр огцруулна, дараагийн Ерөнхий сайд, Засгийн газартай хэл амаа ололцъё гэдэг схем явж байна


УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатартай улс төр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.

———————————————————————-

-Төв талбайд залуучууд жагсаж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна. Мөн Засгийн газрыг огцруулбал мөнгөтэй бүлэглэл баялгийг хулгайлсаар байна гэх тэмцэл өрнөж байх шиг. Таны хувьд улс төрд үүсээд байгаа энэхүү огцом халалтын шалтгаан, нөхцөлийг юу гэж дүгнэж, мэдэрч байгаа вэ?

-Юуны өмнө хамтарсан засгийн газар анх байгуулагдаж байхад миний хувьд эхнээс нь байр сууриа ил тод илэрхийлж байсан. Чуулганы танхимд болон хэвлэл мэдээллээр энэ байр сууриа их ярьсан. Юу гэхээр ард түмэн сонгуулиар нэг нь хүчтэй сөрөг хүчнээ хий, нөгөөх нь эрх баригч бол оо гэдэг сонголтыг хийсэн шүү дээ. Ийм байдлаар хувьдаа байр сууриа нээлттэй илэрхийлж байсан. Тэгвэл өнөөдөр засгийн газрыг огцруулж болохгүй. Тэр дундаа ийм шалтгаанаар энэ хамтралыг огцруулж болохгүй. Хүүтэй нь холбоотой гэдэг бол зүгээр л шалтаг. Харин гол шалтгаан нь Монгол Улсын баялгийг хулгайлчихсан хэдэн бүлэглэл өнөөдөр засгийн газрыг огцруулж байгааг тас зогсоох ёстой. Үүнд ард түмэн хатуу хандах хэрэгтэй. Монголын баялгийг өм цөм хулгайлж байгаа хэдхэн бүлэглэлийн толгойлогч нь М-Си-эс. хамгийн том баялаг Ухаа худаг.

Үүнийг яриад эхлэхээр огцруулна гэж байгааг зогсоох ёстой. Бүр тэдний халаасанд Монгол Улсын Ерөнхийлөгч орчихсон байгаа гэхээр бүр болохгүй. Ийм тэнэг байдалтайгаар дахин сонгогдох тачаалаа биелүүлэхийн тулд, хувийн ашиг сонирхлоо хангахын тулд, баялгийг хулгайлж байгаа үйлдлээ үргэлжлүүлэхийн тулд засгийн газрыг огцруулах гэж байгаа нь байж болохгүй зүйл.

-Ерөнхийлөгчийг нэг талд гарчихлаа гээд ноцтой зүйл ярилаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах өрнөлийн цаана Ерөнхийлөгч байгаа гээд хэлчихлээ шүү…?

-хүмүүс үнэнийг ярихаасаа яагаад дургүйцээд, халгаад байгаа юм. Надад бол ийм хардлага байна. ийм үзэл бодолтой ч явна. Ийм зүйл ярилаа л бол хууль хяналтын толгой дээр байгаа хүн чинь шорон, гяндангаар айлгана. Үүнээс л улстөрчид айж байна. Хий хоосон хэрэг үүсгээд ярьсан хүнийг зовоодог туршлага, практик Монголын улс төрд олон бий. Тэгэхээр үүнээс айхгүйгээр нэг ч гэсэн хүн ярьж л байх ёстой. Өнөөдөр ийм байдлаар МАНын дээр нэг хүний улс төрийн тачаалал бий болсон бол энэ нь Монгол Улс дарангуйлал руу явж байна гэсэн үг. Үүн дээрээ тулбал Монголын улс төрийн ууган хүчин Ардын нам ямар ч үзэл баримтлалгүй болсон гэж ойлгогдохоор байна. Үндсэндээ Монголын баялгийг хулгайлж байгаа бүлэглэлийг толгой дээрээ залсан нам болчихлоо. Биш ээ, үгүй ээ гэвэл өнөөдөр засгийн газрыг хамтралаар нь явуулах хэрэгтэй. Баялгаа Баялгийн сангийн хуулиар Монголын ард түмэнд өгье гэдэг зарчимд нь саад болохгүй байх ёстой гэсэн л байр суурьтай байна.

-Хамтарсан Засгийн газар огцорчихвол Баялгийн сангийн хэрэгжилт зогсох уу. Үүнд та Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргын хувьд хариулт хэлэхгүй юу?

-Энэ засгийн газар огцордог л юм бол М-Си-эс дараагийн засгийн газрын тэргүүнээр өөрсдийнхөө хүнийг тавина гэдэгт итгэлтэй байна. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар тэмцээд бусдад адлуулаад явж байхад Рио Тинтогийн гүйцэтгэх захирал тухайн үед хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэр ярилцлагадаа “энэ засгийн газар огцорсны дараа дараагийн Ерөнхий сайд гарахад нь энэхүү Дубайн гэрээ явна” гэж хэлсэн байдаг. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан ярилцлага шүү. Яг энэ түүх өнөөдөр давтагдаж байна. Ухаа худаг болон бусад орд газруудын 34-хөн хувийг Монголын ард түмэнд өгчихье гэхээр үгүй ээ, Ерөнхий сайд, засгийн газрыг тэгвэл огцруулъя. Ингээд дараагийн Ерөнхий сайд, засгийн газартай бид хэл амаа ололцъё гэдэг схем явагдаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Түвшин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *