Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан 5-р сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах асуудлаар Бээжинд 1995 онд хуралдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж бүрэлдсэний 30 жилийн ойг тохиолдуулан энэ хурал болж байна.
Олон улсын хурлыг Шадар сайд С.Амарсайхан нээж, “Монгол Улс бол хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн их амсаж буй орны нэг. Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр өссөн, 832 нуур, усан сан ширгэсэн, мөсөн голын талбай 30 хувиар багассан, нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Монгол Улс хүлэмжийн хийний ердөө 0.1 хувийг ялгаруулдаг. Нүүдлийн соёл бол бидний мянган жилийн амьдралын хэв маяг. Гэвч өнөөдөр ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл бидний энэ өвөрмөц амьдралд бэрхшээл учруулж байгааг онцлон, 2024 онд Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлтийн яам байгуулж, эмэгтэй сайдаар удирдуулж байна” гэлээ.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Дэлхийн байгаль орчны хамгийн том хурлын нэг болох тус хуралд жендэрийн тэгш байдлыг онцлох сэдэв болгон өрнүүлэхийг онцлон тэмдэглэлээ.
Мөн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Жендэрийн тэгш байдлыг хангахад хөрөнгө оруулах нь нийгмийн шударга ёсны асуудал төдийгүй уур амьсгалд тэсвэртэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой” гэж онцолсон юм. AХБ 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулан, 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь тус банкны жил бүрийн нийт санхүүжилтийн 50 хувийг эзлэх юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед “Уур амьсгалын бодлогод жендэрийн хувирган өөрчлөх хандлагыг нэвтрүүлэх, эрчимжүүлэх хүсэл зориг бидэнд хэрэгтэй байна. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хангахад 5 жилийн хугацаа үлдсэн. Бид бодлого, үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Олон улсын хуралд 200 орчим төлөөлөгч оролцсоноос Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Бүгд Найрамдах Коста Рика, Филиппин улсын Засгийн газрын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын Ногоон Сан, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк, зэрэг гадаад улс орны 60 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь энэхүү сэдэв дэлхий нийтийн нэн тэргүүний анхаарлын төвд байгаагийн нотолгоо боллоо.
Олон улсын хурлыг жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн 4 салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.
Олон улсын хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан, Улаанабатар хот, 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах уриалга (Call to Action)-д тусгалаа.
Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлнэ.