Г.Лувсанжамц: Утааг бид дулаалгаар л арилгана гэдгийг нийтээрээ ойлгох ёстой


“NTV” телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын ээлжит дугаарт МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдиж УИХ-ын гишүүн болсон, УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамц оролцлоо.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?

-Таны ажил их байна уу? Гишүүний ажил өмнө нь хийж байсан ажлуудтай харьцуулахад тэс өөр нөхцөл байдалтай байгаа байх. Ажлын нөхцөл байдал ямар байна даа?

-Би өмнө нь Япон улсад инженерийн зөвлөх үйлчилгээний хамгийн том компанид ажиллаж байсан. Ер нь их ачаалалтай ажилладаг байсан. Одоогоор ажлын ачаалал ихсэж, багассан зүйлгүй байна. Гэхдээ илүү урамтай гоё ажил шиг санагдаж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг том хувь заяа гэж боддог болохоор ажилдаа дуртай. Ажлын хамт олонтойгоо ч ойлголцоод, хотын асуудлуудыг шийдэхэд гарц, гэрэл харагдаж байгаа болохоор урам зоригтой байна.

-Гарц, гэрэл байгаа байна уу? 1.6 сая хүн амьдарч байгаа энэ хотод маш олон асуудлууд байна. Энэ бүхний шийдлийг иргэд хүлээж байна. Гарц гаргалгаа харагдаж байна гэдэг аятайхан сонсогдож байна шүү. Улс төрч хүний бус мэргэжилтэн хүний хувьд.

-Мэргэжлийн зарчимтай ажиллая гэж л УИХ-ын гишүүн болох саналыг хүлээн авч, нэр дэвшиж одоо ажилдаа орчихсон явж байна. Мэргэжлийн үүднээс тайлбарлахад улстөржлөө гэж хүлээж авахгүй, мэргэжлийн талаас шийдлүүд нь ийм байх юм байна гэж гишүүд, мэргэжлийн байгууллагын хүмүүс ойлголттой хүлээн авч буй. Ойлголт өндөр байгаа учраас ямар нэгэн шийдвэр гарахад дэмжих магадлал өндөр, гэрэл гэгээ байна гэж хараад байгаа юм.

-МАН-ын жагсаалтын нэг гэдэг бол ер нь бол сонгуулийн дүн гараагүй ч гэсэн УИХ-ын гишүүн гэсэн үг л дээ. Энэ саналыг хүлээж авахад яг юу нөлөөлсөн юм бэ? Өөрийн гэсэн тогтсон карьер, ажил олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байсан хүн шүү дээ.

Мэргэжлийн ур чадвар, туршлага маань үнэлэгдээд нэр дэвших саналыг тавьсан гэж ойлгосон. Бусад намуудын жагсаалтын нэгдүгээрт байсан хүмүүсийг харахад ч салбартаа туршлагатай, олон улсын мэдлэг мэдээлэлтэй, ажиллаж байсан хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэр үүднээс надад санал тавьсан байх. Яах вэ нэгт жагсаасан нь Улаанбаатар хотын асуудлыг хамгийн түрүүнд намын бодлогоор шийдэхээр тавьж байгаа гэсэн тэр мессежийг хүргэхийн тулд хот төлөвлөгч мэргэжилтэй хүнийг сонгосон болов уу гэж бодож байна. Миний хувьд өмнө нь мастер болон докторын судалгаагаа хийж, мөн бакалавраар сурч байхдаа Улаанбаатар хот, Монгол улсын хот төлөвлөлтийн тогтолцоотой холбоотой судалгаа хийдэг, хүмүүстэй ярилцдаг, нийслэлтэй, мэргэжлийн холбоодтой, хамт олонтойгоо маш нягт ажиллаж ирсэн. Нэгэнт энэ асуудлыг шийдээч ээ. Мэдлэг, туршлага нь байгаа бол ирж энэ ажлаа хийгээд, ханцуй шамлаад орооч гэсэн санал байсан учраас төр, түмнийхээ төлөө хийхээр саналыг хүлээж авсан.

-Сонгогчид жагсаалтыг хараад янз бүрээр үнэлэлт, дүгнэлт өгч байсан. Олон улсад өндөр боловсрол эзэмшсэн, инженерийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн орж ирж байна гэдэг үнэлгээний хувьд МАН-ын жагсаалтыг сайнаар харагдуулж байсан. Би хувьдаа энэ хэрээр үүрэг, хариуцлага ирж байна гэж бодсон. Магадгүй таныг хараад тэр жагсаалтад, намд өгч байгаа саналын тоо өшөө гишүүд нэмэгдсэн байх. Энэ талаар бодож байсан уу?

-Үгүй, тэр талаас нь бодож байгаагүй юм байна. Хотын асуудлыг ирээд шийд гэсэн. Тэгээд л “За” гэсэн. Ийм л сонголт байсан.

-Би дахид лавшруулаад асууя. Танд боломж олгож байна. Мэргэжлийн дагуу энэ хотод, улс оронд хэрэгтэй зүйлийг хийх саналыг хүлээж авч байна. Нөгөө талд таныг улстөрд ашиглачихсан юм биш үү гэсэн бодол ирсэн үү гэж асуух гээд байна л даа. Г.Лувсанжамц гэсэн нэр цэвэр, мэргэжлийн хүний ард олон хүмүүс жагсаалтаар орж ирсэн шүү дээ. Г.Лувсанжамц гэдэг хүн биш МАН-ыг дугуйлна шүү дээ. Тэр талаар бодож үзэж байсан уу? Улс төрийн хувьд Ардын нам хожоо харсан байх гэж би харсан юм. 

-Намын бодлого зөв байсан. Иргэд намын бодлого зөв байна гээд дүнгээ тавиад ийм тооны гишүүдийн сонгосон болов уу? Тэрнээс ашиглаад аахар саар зүйлээр жагсаалтын гишүүдийг намд харьяалалгүй хүмүүсээр тавина гэж лав бодохгүй байна. Нам зоригтой шийдвэр гаргасан. Үүнийг ард түмэн үнэлсэн болов уу л гэж бодож байна.

-Жагсаалтын сайн тал олон бий. Сул тал болохуйц зүйл нь даргын өнгө үзэмж дээр явах магадлал байдаг. Онолын хувьд ч тэр шийдвэр гаргах түвшний хувьд ч. Намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын квотууд ил биш ч гэсэн улс төрийн хүрээнд яригдаад ороод ирж байгаа шүү дээ. Та яг хэний квотоор орж ирсэн хүн гэж ойлгож болох юм бэ?

Би намын бодлогын квотоор л орж ирсэн. Хэн нэгний харьяат гэж битгий хараасай, ялангуяа залуу үеийг тэгж битгий хараасай гэж хүсэж байна. Улс төрд шинэ, залуу мэргэжлийн хүмүүс орж ирсэн. Үнэхээр энэ хотын, улсын, нийгмийн асуудлыг шийдье гэж ийм шийдвэр гаргасан. Тэрний хүн, тэрний үгээс гарахгүй гэж талцуулаад, хэлснээр нь кнопыг дарна гэдэг зүйлийг цаг хугацаа л харуулах байх. Гол нь улс эх орныхоо төлөө мэргэжлийн зарчимтай ажиллаж чадаж байна уу гэдгийг хараасай гэж бодож бана.

-Ер нь харагдаад эхэлчихсэн л дээ гишүүнээ. Хуулийн төсөл орж ирэхэд хэн ямар талаас эрх ашгийг нь хамгаалж байна. Хэн хэний төлөө үг хэлж, хэн ямар бодлого дээр зогсоод байна, хэн хэний талд байна вэ гэдэг нь нээлттэй харагдаад, батлагдаад эхэлчихсэн. Жишээлбэл гурилын хууль дээр хаана ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг дотор нь сууж байгаа хүний хувьд харж л байгаа байх л даа. Кноп гээд та сая ярилаа. Нам шийдвэр гаргалтад оролцох гэж оролдож байна гэдэг зүйлийг яриад байна. Танай бүлэг онооны журмаар шийдээч гэж байх шиг зүйл яриад байна. Ер нь кноп болгох гэж оролдож байна уу?

-Одоогийн байдлаар тийм оролдлого би хараагүй. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүмүүс хэлж байгаа үгэнд нөлөөлөх гэж оролдсон. Гэхдээ мэдээж тийм зүйлд автахгүй. Би өөрийн үзэл бодолтой тууштайгаар ажиллана гэж бодож байна. Цаашдаа ч ийм байна. Бүлгийн үнэлгээний аргачлал гэж байсан тэ. Та сая дурдлаа. Энэ бол ардчилсан эрх чөлөөт сонгуульд төлөөллийн тогтолцоо гэдэг зүйлийг ойлгоогүй юм болов уу гэж надад харагдсан. Төр засгийн эрх мэдэл ард түмэнд байх ёстой. Бид ард түмнийг төлөөлж сонгогдсон хүмүүс. Үүний дээр намын бүлэг гэдэг зүйл гарч ирээд, үнэлээд буруу шийдвэр гаргасан учраас улс төрийн шахалт үзүүлсэн ч юм уу тийм зүйл байж болохгүй. Энэ бол ардчилсан тогтолцоогоо үгүйсгэж байгаа зүйл болно. Би ийм байр суурьтайгаар эсэргүүцнэ. Тухайн өдөр ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм ярилцлага өгсөн. Намын бүлэг ард түмний сонголтын дээр байж болохгүй. Манай улс ардчилсан учраас төлөөлөл болж байгаа бидэнд ард түмэн л дүнгээ тавих ёстой. Бид иргэдийн сонголтыг хүндлэх ёстой.

-Намын оноогоор үнэлэх гэдэгт олон жишээ дурдаж болно л доо. Өмнө нь гишүүн байсан хүн нөлөөлөх гэж оролдсон гээд зүйл хэр их байх юм. Ингэж болдоггүй гэж эвээр хэлж байна уу? Хатуу хэлж, сануулж байна уу? Эсвэл хүнээр хэлүүлж байна уу? Иймэрхүү зүйлс байна уу?

-Голцуу зааж зөвлөх чиглэлээр улс төрд ийм байдаг шүү, багийн шийдвэр, намын бодлого чухал байх ёстой гэж хэлж байгаа. Дарамтлах зэргийн юм байхгүй. Зааж, чиглүүлэх гэж оролдоод байгаа юм уу гэж бодож байна. Гэхдээ би өөрийн хувийн үзэл бодолтой учраас нийцэхгүй зүйл дээрээ нийцэхгүй гээд л эсрэг санал өгөөд явна гэсэн байр суурьтай байдаг.

-Өмнө нь хэлж байсан шүү дээ. УИХ-ын гишүүн байсан хүн орж ирээд гээд… Тэр үед “Улаанбаатар хотын 2040”-г хэлэлцэж байсан санагдаад байна. Тэр хүн Х.Нямбаатар дарга байсан уу?

-Биш биш. Өөр асуудал хэлэлцэж байсан, өөр хүн.

-Энд удаан хугацаанд байгаагүй монголын улс төрийг бодож байсан байх. Улс төрч, гишүүн болоод ороход монголын улс төрийн байдал хэр зөрөв? Бохир юм шиг санагдаж байна уу эсвэл гайгүй байна уу?

-Одоогийн байдлаар бохир зүйл ажиглагдаагүй. Гэхдээ манай улс богино хугацаанд хамгийн сайн шийдвэр гаргахад хүн хүч, боловсрол, эдийн засгийн байдал хязгаарлагдмал байгаа. Хамтдаа нэг ойлголцолд хүрээд, үүнээс гарсан шийдвэрээ богино хугацаанд хэрэгжүүлэхэд багийн ажиллагаа чухал. Багийн ажиллагаа өндөр байх ёстой. Ардчилсан тогтолцоотой улс учраас төлөөллүүд нь хоорондоо мэтгэлцээд, ярилцаад хамгийн сайн шийдвэр гаргах ёстой. Мэдээж олон өнцөг бий. Зарим нь халамжийн төрийг бий болгоно гэж үздэг. Зарим нь либерал төрийг байгуулна, хүний эрхийг нэгт, уламжлалт соёл аж ахуйгаа тавина гээд олон өнцөг бий. Гол нь бид ярилцаад мэргэжлийн бөгөөд зарчимтай хүмүүс нь үзэл бодлоо тусгаж чаддаг, уламжлал соёлоо хүндэтгэж чаддаг хүмүүс нь ч гэсэн үзэл бодолд оролцож, хамтарсан шийдвэр гаргаж чаддаг. Үүнийгээ үр дүнд нь хэрэгжүүлж, олон хүнд ойлгуулж тайлбарлаж чадах нь чухал гэж бодсон. Зарим шийдвэрүүд маш хурдан гардаг. Өдөр тутамдаа, бараг л хагас бүтэнсайнгүй ажиллаж байгаа. Засгийн газар ч шуурхай штаб гээд нийслэлийн асуудлаар хуралдаж байна. Бүсчилсэн хөгжил гээд орон нутагт хуралдаж байна. УИХ-ын гишүүд ч ажлын өдөр ачаалал өндөртэй байдаг. Тэр дундаа чухал асуудалд төвлөрөөд нэг ойлголцолд хүрэх нь хамгийн чухал учраас ойлголцолд хүрэх зам ямар байх нь чухал биш. Гол нь ойлголцолд хүрэх л чухал гэж бодоод байгаа шүү дээ.

-Манай хотод олон асуудал байна. Эдгээр олон асуудлыг шийдэх гарц, гаргалгааг бид олж чадаж байна уу? Өмнөх хотын даргын үед, одоо ч ярьж л байна. Бид шийдлээ олж чадаж байна уу? Байгаа онож байна уу? Мэргэжлийн хүний хувьд юу гэх вэ?

-Байгаа оноод, бай руугаа илүү ойртоод байна л даа. Сүүлийн арван жилийн шийдвэр зөв шийдвэр байгаагүй. Жишээлбэл утааны талаар ярья. Утаагүй зуух сайжруулсан түлш гэж гаргасан. Энэ хоёр хоёулаа татаастай байсан. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр энэ татаасыг нөхөж байсан. Тухайлбал Тавантолгой түлш компани жилдээ бараг 400 сая тэрбум төгрөгийн татаастай. Энэ маань хаана татаас өгөх вэ гэдэг байгаа оноогүй. Зуух, түлш бол хэрэглээ. Бид хэрэглээг дэмжээд байвал утааг шийдэхгүй. Тэнд гал асч л байгаа учраас утаа гарч л таарна. Бид хэмнэлтийг дэмжих бодлого руу явах ёстой буюу дулаалга руу чиглэх хэрэгтэй. Сүүлийн 10-20 жил утаа, утаа гэж ярьсан бол цаашдаа дулаалга, дулаалга гэж л ярих ёстой. Энэ хүрээнд “Дулаанбаатар” аяныг эхлүүлж буй. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш хоёр долоо хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагууд, холбоо, ААН, хувийн хэвшил мөн сэтгүүлчидтэй яаж утаа, түгжрэлийг хийх вэ гэдэг уулзалтуудыг хийж ирсэн. Бараг хорь гаруй удаа уулзаж буй. 4 жилийн төлөвлөгөө гаргаад үүн дотор “Дулаанбаатар” буюу дулаалга дээр төвлөрч ажиллаж байж утааг шийдэх боломжтой үүн рүү чиглэе гэж ярьж байгаа. Дулаан цагаар өвөл болохоос урьтаж дулаалъя гэж уг аяныг эхлүүлэх гээд хууль эрх зүй, санхүүгийн тогтолцооны үүднээс ААН-үүдийн оролцоогоор эрэлт, нийлүүлэлтийг яаж дэмжих вэ? гэсэн 3 талаас оролцож явж байгаа юм. Өнгөрсөн намрын чуулганаас хойш энэ ажлын хэсгийг ахалж ажиллаад, үр дүн нь гараад “Шуурхай штаб” дээр хэлэлцээд Ерөнхий сайд, Засгийн газар, нийслэлийн удирдлагын түвшинд дулаалга руу чиглэе гэдэг ойлголтод хүрсэн байгаа. Энэ жилээс эхлээд байшин, гэрийг дулаалаад явна. Дээрээс нь ипотекийн зээлийн тодорхой хэмжээний нийлүүлэлтээр утаа гардаг сууцнаас утаа гардаггүй сууц руу шилжье энэ бодлогыг барьж явна гэсэн үг. Энгийн тооцооллоор харвал 2030 он гэхэд утаа байхгүй болно. 2027 он гэхэд утаа 50 орчим хувиар буурах боломжтой. Гол нь сайн дулаалаад, дулаанаа алдахгүй битүүмжлэлээ сайн хийгээд үүн дээр сэргээгдэх эрчим хүч, шөнийн цахилгаан ч байдаг юм уу шаардлагатай бага орлоготой өрх байвал сайжруулсан түлшийг тодорхой хэмжээнд хэрэглэнэ. Гэхдээ утаа гаргадаггүй, утаа багасгадаг хэмнэлтийн бодлого руу шилжиж ёстой. Үүнд маш олон хүмүүс нэг ойлголд хүрсэн гэж би харж байгаа. УИХ-дээр “Нийслэлийн хөгжлийг дэмжих бүлэг” гэж байгуулсан. 126 гишүүний 78 нь дэмжиж гарын үсэг зурсан. Тухайн гишүүдийн групп чат үүсгээд утааг ингэж шийднэ гэсэн шийдлүүдээ байнга хүргэдэг. Үүн дотор “дулаалга” нэгдүгээрт бий.

-Төлөвлөгөөний үе шат дээрээ явж байна гэж ойлголоо. Гэр хорооллын нэг гэр эсвэл байшинд амьдарч иргэдэд хэчнээн хэмжээний дулаалгын дэмжлэг үзүүлэх вэ? Иргэд өөрсдөө яг ямар зүйл хийх үү? Эцсийн дүндээ та бүхний зориод буй ажил ажил хэрэг болно гэж тооцоолж байгаа вэ?

-Гэр эсвэл байшин ч байна уу дунджаар жилдээ 2,8 тонн сайжруулсан түлш түлж байгаа. Гэхдээ гэр, байшин дулаалгагүй. Ялангуяа манайхан байшингаа барихдаа тааз, шалаа дулаалахаа мартчихдаг. Ханаа дулаалсан ч гэсэн 5 см орчмын дулаалга хийдэг. Монгол шиг эрс тэрс уур амьсгалтай улсад дулаалгын зузаан дор хаяж нэг төө байх ёстой. 20см орчим гэсэн үг. Ийм хэмжээний дулаалгыг хийх ёстой. Гэр дулаалахад 2,5-3 сая төгрөг шаардлагатай. Unicef-ээс хэрэгжүүлж байсан cheap багц гэж бий. Цахилгаан халаагуур, гэрийн дулаалга нь ороод 3 сая төгрөг хүрэхгүй. Байшин дээр “Дулаан шийдэл” гэсэн төсөл хэрэгжиж байсан. Тэдний туршлагаас харахад 50мкв байшинг дулаалахад 10-18 сая төгрөг болно. Гэрээ, байшингаа дулаалсан байхад хамгийн багаар бодоход сайжруулсан түлшээ хэрэглэж байсан ч хэрэглээ нь 60 хүртэлх хувиар буурна. Энэ нь утаа 60% буурах боломжтой гэсэн үг. Үүн рүү чиглүүлэх ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгож байгаа. Өнөөдөр ногоон зээл гээд байгаа ч 80-90% нь цахилгаан машин болчхоод буй. Энэ дээр Монгол банкнаас 0,5 хувийн своп татаас болгож байгаа. Гэтэл хурдан зарагдаж, борлуулагддаг цахилгаан машин дээр тэр бүх мөнгө зарагдаад байна. Үүнийг хязгаарлана. Нийт ногоон зээлийн 80 хувь нь байшин, гэр дулаалахад, байшин гэрээ дулаалдаг ААН-үүдийн бизнесийн ногоон зээл байх ёстой.

Ногоон зээл хэрэглээний зээлтэй адилхан 36 сарын хугацаатай байдаг. ногоон зээл голцуу хөрөнгө оруулалтын зээл байдаг учраас хугацааг сунгаж 60 сарын хугацаатай эргэн төлөлтийг бий болгож өгье гэж байгаа юм. Тэгэхээр 3 сая төгрөгөөр гэрээ дулаалсан айл сардаа түлшиндээ төлдөг 100-150 мянган төгрөгийг ногоон зээлийн эргэн төлөлтдөө ашиглахад дүйцнэ гэсэн үг. Сар болгон түлш худалдаж авч байхаар байшин, гэрээ дулаалчихъя гэдэг бодлого. Санхүү, хууль эрх зүйн хөшүүрэг, ААН-үүдийн оролцоо маш чухал. Энэ гурвыг цугт нь авч явах “Дулаанбаатар” төсөл.

-Ногоон зээлээ ерөнхий санхүүжилт гэж тооцоолж байна. Байшинд байгаа хүмүүс дулаалгад 18 сая төгрөг гэхээр багагүй мөнгө шүү дээ. Гэрт байгаа иргэдийн хэдэн хувийг ногоон зээл авах боломж бололцоог нь хангаад 3 сая орчим төгрөгөөр гэрээ дулаалах юм бэ? Энэ асуудлыг тооцож үзсэн үү?  Иргэд яг мөнгөн дээр тулж ирээд л зогсоно шүү дээ гишүүн ээ? Өдөр тутамдаа түлш авч байгаа нь өдрийн ажил хийгээд цалингаа аваад түлшиндээ зарцуулаад байгаа учраас түлээд байна гэж ойлгож болно шүү. Би үгүйсгэж байгаа юм биш. Санхүүгийн шийдэл нь иргэдийн нуруун дээр ачаа өгөхгүйгээр яаж шийдэх вэ?

-Мэргэжлийн хүн учраас суурь судалгаатай, тоон дээр үндэслэсэн шийдвэрүүдийг гаргаж байгаа. Та сая хэллээ. Түлш нь хямдхан учраас түлээд байгаа гээд. Дулаалсан ч гэсэн дулаалгын зардал нь түлшнээс өндөр байгаа. Тиймээс дээр хэлсэнчлэн “Ногоон зээл” гээд шинэ журмыг гаргаж байгаа юм. Тэгэхээр түлшний 150 мянган төгрөгөөс ногоон зээлийн сарын төлөлт бага байна. Өнөөдөр орон сууц худалдаж авахаар ХАОАТ төлсөн дүнгээсээ 6 сая төгрөг буцааж авдаг. Татварын багц хуулийг өргөн бариад явж байгаа. Уг хуульд саналаа тусгасан. Байшин, гэрээ дулаалбал 15 сая хүртэлх төгрөгийг буцааж авна. Таны хэлсэнчлэн байшингаа 18 сая төгрөгөөр дулаалсан ч гэсэн 15 сая төгрөгийг нь буцаан олголтоор авна гэсэн үг. Гэхдээ татварын багц хууль батлагдаж байж хэрэгжих боломжтой болно. Энэ хоёр байдлаар санхүүгийн асуудлыг шийдэж байгаа юм. Нөгөө талд бид нийлүүлэлтээ дэмжих ёстой. Cheap багц гээд гэрийн дулаалга байгаа шүү дээ. Жилд 10-18 мянган гэрийг дулаалах чадвартай. Байшин дулаалах сургалтад хамрагдсан ААН-үүд жилд 6000 байшин дулаалах боломжтой. Эдгээр ААН-үүдийг дэмжих бизнесийн ногоон зээл хэрэгтэй. Та утаа бууруулах ийм төсөл арга, хэмжээг хэрэгжүүлж байгаа бол бизнесийн ногоон зээл өгнө. Барьцаа бага, эргэн төлөх хугацаа нь урт, барьцаа хөрөнгийн хэмжээг өөр зүйлээр орлуулж болдог ч гэдэг юм уу. Ийм зүйл дээр ажиллахаар Монгол банктай ярилцаад явж байгаа. Эдгээр дээр Байгаль орчны яам, Монгол банк, ипотекийн корпарац, Хот байгуулалтын яамтай маш нягт ажиллаж байна. Олон удаа уулзаад санхүү, хэрэгжүүлэх боломжтой ААН, иргэдэд хэр их эрэлттэй байгаа юм бэ гээд бүх талаас харж байгаа. Иргэдийн эрэлтийн судалгааг өнгөрсөн хугацаанд хийсэн байсан. Үүнтэй танилцаж байхад иргэдийн 40-50 хувь нь гэрээ дулаалах хүсэлтэй байна. Үүнээс 20-30 хувь нь одоо зээл аваад дулаалах боломжтой. Гэхдээ зээлийн хугацаа нь хэрэглээний зээл шиг 36 сар биш 60 сар байвал хэмжээ ихсэх буюу дээр хэлсэн хуулийн журам заалт хэрэгжээд эхэлбэл 40-50 хувь буюу айлууд хоёр жилдээ гэрээ дулаалах боломжтой байгаа юм. Би хэлсэн шүү дээ. 2028 он гэхэд утааг 60 хувь бууруулах боломжтой гээд. Эндээс гарсан үндэслэлтэй тоо юм.

-Түлшинд зарцуулж байгаа сарын төлөлтөөс бага хэмжээний урт хугацаатай зээлийг иргэд дулаалгадаа зарцуулна. Ирээдүйд түлшинд зарцуулах мөнгө нь иргэдэд зарлага болохгүй үлдэх гэдэг концевц явна гэсэн үг үү?

Тийм. Яагаад гэхээр хэмнэлтийг дэмжээд байгаа юм. Гэрт амьдарч байгаа оршин суугчдын хэмнэх боломжийг нь бий болгож байгаа юм. Энэ хөшүүрэг нь л өнөөдрийг хүртэл дутуу байсан. Харин одоо үүнээс цааш сая ярьсан хуулийн төсөл, УИХ-ын тогтоол батлагдвал энэ бүгд хэрэгжих боломжтой болох буюу байнга галлаад суухаас илүү кноп дараад л дулаахан болчихдог.

-Дулаан алдалт их байгаа учраас гал түлэх нөхцөл нэмэгдээд, тоо нь олшроод байна гэж үзээд байгаа шүү дээ.

Тийм.

-Үүнийг амьдрал дээр хамгийн сайн хэрэгжүүлээд явах боломжтой газар бол нийслэл шүү дээ. Үүн дээр Х.Нямбаатар дарга ямар байр суурьтай байна вэ?

Хагассайн өдөр бүрийн шуурхай штабын хурал дээр үүнийг ярилцсан. Хэмнэлтээ дэмжих ёстой гэж тогтмол хэлдэг. Санал нэгдэж байгаа. Энэ жилдээ багтаж 20-30 мянган айлын гэр болон байшинг дулаалъя гэсэн хөтөлбөр санаачилж байгаа юм билээ. Хэзээ зарлагдахыг нь мэдэхгүй байна.

-Хууль, тогтоолын төсөл дээр эдгээр журам, заалт батлагдаад явлаа гэж бодоход таны бодлоор хэзээнээс хэрэгжиж эхлээд, хэзээ үр дүнгээ өгнө гэж харж байна вэ?

Эхний жилдээ 15 хүртэлх хувиар агаарын бохирдол буурах тооцоо гарсан. Их хурлын тогтоол болон татварын багц хууль батлагдвал би цаашдаа шаардлагаа тавиад л явна. Шаардлагаа тавихын хажуугаар иргэд, ААН-үүдийн оролцоог хангах ажлыг зэрэг хийнэ. Барилгын салбарынхантай тогтмол уулзаж байгаа. 6-7 удаа уулзсан. Энэ уулзалтаа үргэлжлүүлнэ. Ногоон зээлийн бүтээгдэхүүн гарсан. Та хэд минь байшин, гэрээ дулаалбал ийм боломж байна. Хэрэглэгч төдий байна, ашиг ингэж гарна энийг бүгдийг нь бэлдчихсэн. Үүнийгээ сурталчилна. Нөгөө талд хорооны иргэдийн нийтийн хурлаар бас сурталчилна.

Камераар дулаан алдагдлыг хэмжиж болдог л доо. Бүгдээрээ танай гэрт очоод байшин, гэрийн дулаан алдагдлыг хэмжье. Cheap багц, Best байшин гэсэн дулаалгын стандартаар хийвэл төдий хэмжээгээр дулаан алдалт багасах буюу таны сар бүр түлшиндээ зарцуулж буй мөнгө хэдий хэмжээгээр багасна гэсэн бодитой шийдлийг барьж очоод хүмүүст ойлгуулах ажил хийх ёстой гэж бодоод байна л даа.

-Гэр, байшингаа дулаалчихвал сайжруулсан түлшинд зарцуулж буй мөнгөнийхөө 40 хувиар л нэг сарыг дулаахан давна гэсэн үг. Ингэж ойлгох нь зөв үү?

Тийм. Байшин, гэрийнхээ хэмжээнээс хамаарна.

-Түгжрэлийн асуудал манай улс ч гэлтгүй Дэлхийн том хотуудын сэдэв болоод байна. энэ асуудлыг яаж шийдвэл дээр вэ гэдэгт таны байр суурийг сонсъё.

-Түгжрэлийн шийдэл ердөө хоёр зүйл байдаг. Эхнийх нь нийтийн тээвэр, хоёр дахь явган зам, дугуйн сүлжээ. Энэ хоёрыг л нийлүүлэх хэрэгтэй. Өмнө нь нийслэлтэй хамтарч ажилладаг байсан л даа. Өнөөдрийг хүртэл гаргадаг шийдвэр нь дандаа зам барья, зогсоолоо үнэгүй болгоё гэсэн шийдлүүд байсан. Зам барьдаг бодлого бол машин үйлдвэрлэдэг улсуудын бодлого. Хот төлөвлөлт эдийн засгийн бодлоготойгоо шууд уялдаж явдаг. Машин үйлдвэрлэдэг гадны томоохон улсууд байгаа. Нэрийг нь хэлээд яах вэ. Тэдний зөвлөх үйлчилгээнүүдийн компани Монголд ирэхээр дандаа зам барь гэж хэлдэг. Яагаад гэвэл машин үйлдвэрлэдэг, машинаа зарах сонирхолтой. Тэр бол манайд ашиггүй. Бид машин үйлдвэрлэдэггүй учраас нөгөө тал руу нь явах буюу нийтийн тээвэр, явган зам дугуйн сүлжээ байгуулах ажлыг хийх ёстой. “20 минутын хот” үзэл баримтлалын ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ дотор дээрх хоёр зүйл дээр төвлөрөөд явах ёстой буюу автомашин төвтэй хотоос хүн төвтэй ээлтэй хот руу шилжье гэсэн бодлогыг барьж байгаа юм.

-Дээрээс бид нар ийм зам барина эсвэл энэ автобусны буудал энд байна. Энэ чиглэлд автобус явна гэдэг. Үүнийг хэрэглэх нь иргэн би. Уг нь энд ийм автобус ирээд хэрэггүй байна, бид нар ийм хэмжээний автобус хэрэгтэй байна гэдгийг иргэдээс санал дэвшүүлж доороос дээш явахгүй нэг л өглөө босоод ирэхэд манайх хүнд ээлтэй хот болно гэдэг. Би “20 минутын хот”-ын концевцыг бодоод, шийдлийг нь гаргачихсан байх ёстой. Дураараа шийдээд байдаг нөхцөл байдлаас болж үр дүнгүй ажил сонгуулиас сонгуулийн хооронд орхигддог юм биш үү? Энийг та юу гэж бодож байна вэ?

-Би таныг ингэж хэлж байгаад маш их баяртай байна. Хот төлөвлөлтийн ухаан иргэдийн оролцоо гэдэг ганцхан тулгын суурь чулуутай. Энгийнээр жишээлж хэлбэл хоолтой адилхан. Хамтдаа хийсэн хоол илүү амттай байдаг тэ. Хамтдаа бүтээсэн хот хамгийн таатай байдаг. ийшээ чиглэх ёстой. “20 минутын хот” үзэл баримтлалыг боловсруулж дууссан. Үүнийг хэрэгжүүлэх зарчмын нэгдүгээрт “Олон нийтийн оролцоог хангах ёстой” гэж бичсэн. Дарга хэзээ ч тухайн иргэний амьдарч байгаа хорооны асуудлыг мэдэхгүй. Угаасаа мэдэх боломжгүй. Ямар ч супер дарга байсан. Оршин суугч л хорооныхоо асуудлыг хамгийн сайн мэднэ. Тэгэхээр тэр үзэл баримтлалаар “20 минутын хот”-ыг бий болгоно.

     Хот байгуулалтын тухайн хуулийн шинэчилсэн найруулга дээр ч үүнийг оролцуулна. Яах хийх вэ гэхээр төлөвлөгөөг батлахдаа хорооны иргэдийн нийтийн хурлаар хоёроос дээш удаа хэлэлцүүлсэн байх ёстой. Зам өргөтгөх, автобусны зогсоол барих гээд байгаагаа оршин суугчдаасаа асуух ёстой. Хот төлөвлөгч хүний хийх ёстой ажил нь тэр. Оффист суух ёсгүй. Хот төлөвлөгч хүн хорооны иргэдийн нийтийн хурлаар л тойрч явах ёстой. Ер нь болж өгвөл иргэдийн төлөөлөгчдийг тэгж ажиллаасай гэж боддог. Иргэдийн нийтийн хурлаа хэлэлцлээ, хоёр удаа уулзлаа. Таны санал туссан, тусаагүй хэрэгжих боломжтойнууд нь ингэж туслаа, ингээд хийсэн шүү та зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байгаа бол тэр нь батлагдаад төсөв хөрөнгө нь орно гэсэн үг. Энэ зарчим руу шилжих ёстой.

Манайхан хуучны социалист тогтолцоогоороо төр нь бүгдийг шийддэг байдлаар яваад байгаа.

-Тэр нь иргэдийн амьдралд хүрдэггүй. Баахан төслүүд яригдаад хаягдчихдаг шүү дээ. Метро гээд том төсөл яваад байна. Манайд метро хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй байх. Энэ метро асуудлыг шийдэх шийдэл болж чадах уу?

Шийдэл болж чадна. Тэрэн дээр ажиллаж байгаа. Метроны ТЭЗҮ-г шинэ[U1] чилж боловсруулж байгаа багийнхантай уулзаад явж буй. Түгжрэлийг юугаар шийдэх вэ нийтийн тээвэр гэсэн тэ. Нийтийн тээврийн нэг нь метро байна. Бид олон сонголттой байх ёстой. метро, трамбай, автобус маш олон сонголтууд бий. Үүнийг л аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой. Тэдгээрийн нэг бол метро. Метро дээр таны сая хэлсэн иргэдийн оролцоог яаж хангах вэ гэдэг дээр байгаа. Том хотын дэд бүтцийг барихдаа хүн амын нягтралыг хардаг. Хаана хүн ам их, ажлын байр байна тэр хоёрыг холбох ёстой. Тэгэхээр Энхтайваны өргөн чөлөө буюу Бага тойруу дотор өндөр оффисууд, төрийн байгууллагууд бий. Ийш нь л хүмүүсийг авчрах гээд байгаа. Гэхдээ хувийн машинаар биш. Метрогоор тухтай, цэвэрхэн хурдтай шуурхай явж очдог болох гээд байгаа. Хэрэгжих бүрэн боломжтой буюу ашигтай ажиллана.

-Энэ дээр нэг асуулт байна. Дээр хотын дарга байр сууриа илэрхийлж, жиргээ бичээд шүүмжлэл дагуулаад өнгөрсөн. Иргэдийг машинаас нь буулгаад алхдаг хэв маяг руу ч юм уу, нийтийн тээвэр лүү оруулдаг энэ хэв маяг руу оруулахын тулд яах ёстой юм бэ? Метро явахаар болдог. Машинаа бариад унаад яваад байвал яах юм бэ? Метрондоо суудаг сонголтод нь яаж аваачих юм бэ?

-Тэр ажлуудыг эхнээс нь хийгээд эхэлчихсэн байгаа. Одоо бид нар автобусандаа сууж дадах ёстой. Автобусаар явсан нь хурдан юм байна гэдэг мэдрэмжийг хотын оршин суугчдад өгөх ёстой. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Мандуул нийслэлийн 1-р орлогч дарга байсан тэ. Би монголд ирээд нэр дэвших эрхээ аваад шууд хотын түгжрэл, утааг яаж шийдэх вэ гээд ярилцсан. Автобусаа бид цэвэрхэн болгох хэрэгтэй. Саарал өнгийн автобустай болоод нэлээн цэвэрхэн болсон. Дотор утаа үнэртэхээ больсон, цэвэрлэгээгээ тогтмол хийдэг болсон.

–  Эдгээр хоёр ажлыг хийсэн. Гурав дахь ажил нь маш том. Өмнө зөвхөн Umoney картаар автобусанд суудаг байсан. Энэ карт нь олддоггүй, цэнэглэе гэхээр Киоск машин нь байхгүй. Ийм төвөгтэй байсныг банкны картаар уншдаг болгочихъё гээд бүх банкны картаар дараад явдаг болж чадсан учраас хүмүүсийг нийтийн тээвэртээ илүү ойрхон буюу хурдан үйлчлүүлэх боломжоор нь хангаж өгөх ёстой гэсэн. Одоо бүх автобус банкны карт уншдаг болсон. Дараагийн төлөвлөж байгаа ажлууд бий. Замын хөдөлгөөн удирдлагын төв, Нийслэлийн замын хөгжлийн газартай ярьж байгаа. Замын сүлжээ, гэрлэн дохиог оновчлох ажлыг хийж байна. Удахгүй автобус түгжирдэггүй болгоно. Ялангуяа автобус нь өвөл машинуудтайгаа нийлээд ялгаагүй 2-3 цаг түгжирчихдэг шүү дээ. Тийм биш болно.

– Гэрлэн дохион дээр очиход автобусны ногоон гэрэл асаад бусад машин зогсоно. Үүнийг хийхэд автобуснууд маш хурдан явна. Улаанбаатар хот нэг их том биш. Түгжрэлгүй бол 20-30 минутын дотор нэг цэгээс нөгөө цэг рүү хүрэх боломжтой. Тэр боломжийг нээх ажлыг хийж байна. НИТХ-ын дарга А.Баяртай хоёр долоо хоногийн өмнө очоод “20 минутын хот” үзэл баримтлалаа танилцуулсан. Тэгэхдээ үүнийгээ ярьсан. Автобусаа л түгжирдэггүй болгочихъё. Тэгэхгүй бол автобусны буудал дээр хүмүүс бүтэн 1-2 цаг даараад автобусаа хүлээдэг. Замын цагдаа нар уулзвар дээр зогсохоо боль оо. Замын цагдаа нар автобусны буудал дээр зогсож байх ёстой. Тэгж байж автобусны явах эгнээг нь хаагаад байгаа машинуудад шаардлага тавиад хөдөлгөж байх ёстой. Гэрлэн дохио нь автобусан дээр ногоон асаж байх хэрэгтэй. Энхтайваны өргөн чөлөө, Яармаг гэсэн энэ хоёр чиглэл дээр автобус нэгдүгээрт байна.

-Автобус түгжрэхгүй, зогсохгүй, байнга эргэлтэд орно гэсэн үг үү?

Тийм. Хоёр дахь нь Их тойруу дотор дугуйн зам тасрахгүйгээр донсолгоогүйгээр явдаг ажлыг төлөвлөж байна. Өнгөрсөн жилээс эхлээд Нийслэлийн замын хөгжлийн газартай яриад зураг төслийн шатанд концевцыг нь боловсруулаад явж буй. Тэгэхээр Яармагаас автобусандаа суугаад хурдан хүрч ирээд, Их тойруу дотор хаашаа ч хамаагүй дугуйгаар, явганаар явах боломжтой тийм орчныг бүрдүүлэх юм.

-Манайх байгаль, цаг уурынхаа сонирхолтой өгөгдлийг ашиглавал ирээдүйд эдийн засгийн хөшүүрэг болох ч боломжтой тийм хот шүү дээ. Өвлийн цагт энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Өвөл дугуйгаар эсвэл скүүтрээр явах боломж хомс шүү дээ.

Өвлийн цагт автобусны буудлуудыг хэрэглэгчийнх нь тоонд суурилаад стандарттай, том болгоё гэж байгаа. Манайд хамгийн их ачаалалтай автобусны буудлууд Офицеруудын ордон, Багшийн дээд, Таван шарын буудлууд дээр өдөрт бараг 30 мянган хүн бууж, сууж байгаа. Гэтэл автобусны буудал нь жижиг, адилхан загвараар хоёрыг тавьсан ч юм уу тийм байдаг. Энэ нь хүйтэн улсад зориулаагүй стандарттай. Уг нь манайх шиг улсад CU юм уу GS25 нь том терминал зогсоол гэж хэлж болох газруудтай байж байдаг. Дотор нь ороод автобусаа хүлээж байхдаа тухлаад цай уугаад байж байх ийм боломжуудыг нээж өгөх ёстой. Дараагийн ээлжийн ачаалалтай зогсоолууд гэвэл Ард кино театрын буудал байна. Урагшаагаа Баянгол зочид буудлын зогсоол, 120 мянгатын зогсоолууд 10 мянга давчихсан байгаад байгаа юм. Энэ буудлуудаа бас дулаахан, хүлээхэд таатай буудалтай болгох шаардлагатай байна. Ингээд шийдвчихвэл өвөлдөө бид даарахаа больчихно. Автобус хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Автобус дандаа бэлэн байж байдаг. Цэвэрхэн, хэрэглэхэд хялбар байдаг болох хэрэгтэй.

-Аливаа зүйл болохгүй байвал төр нь аваад хийчих гээд байдаг 1 сонин үзэгдэл байна. Жишээлбэл такси үйлчилгээ болохгүй байна гэвэл төр нь такси үйлчилгээ нэвтрүүлдэг ч юм уу? Түлшийг төр аваад үйлдвэртэй болгоод албан тушаалтнууд томилоод татаас өгөөд эцэстээ чанарын хувьд хэрхэн муудаж асуудал тартагтаа тулав. Одоо газыг бас үүнийхээ араас оруулахаар болж байх шиг байна. Сая таны ярисан жишээн дээр Cu ч юм уу эсвэл GS-25 автобусны буудлын үйлчилгээг дулаахан байх дэд бүтцийг гүйцэтгээд байж болохоор байна шүү дээ. Автобусны чиглэл хүртэл дампуурчихсан сүлжээ юм байна лээ. Хэдэн хүн автобусаар сууж байгаа эсэхийг огт тооцоололгүйгээр улсаас татаас өгөөд л байдаг. Бараг мафижсан гэж хэлж болохоор. Бид энэ бүхнээ шийдэлгүйгээр шинэ зүйл гаргаад ахиц гарах уу?

-Автобусны компаниудын үнэлгээний аргачлалыг шинэчилж байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт руу чиглүүлж байгаа л даа. Хотын дарга, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалтай бид ярилцаад л явна. Автобусыг зөвхөн явсан км-ээр нь татаас өгөх биш, бууж суусан хүнийх нь тоогоор татаас олгох ёстой. Автобусанд бас хэр зэрэг цэвэрхэн байгаад нь шалгуур тавих учиртай. Бид олон шалгуур үзүүлэлтийг тавьж байх ёстой. Түгжрэлгүй үед автобуснууд явж явчихаад түгжрэлгүй үед нэг талдаа гарчихаад байгаа байхгүй юу? Хүмүүс гэртээ харья гэхээр 1 чиглэлийн 3-4 автобус зогсчихоод нөгөө тал нь хоосон байгаад байна шүү дээ. Үүнээс болоод иргэд автобусанд сууж болохгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж хоорондох зайгаа яс барьж явах  ёстой. Шалгуур үзүүлэлтээ зөв болгочихвол шийдэгдэх бололцоотой гэж харж  байгаа. УИХ-ын гишүүний хувьд би зөвлөх зүйлээ зөвлөөд л явна. Мөн шаардлагаа ч гэсэн зэрэг тавиад байна. Сая дурдсан хэзээ утаагүй болох юм? Хэзээ иргэд автобус түгжрэхгүй, автобус хүлээж даарч зогсохоо болих юм? Гээд тогтмол нэхээд явна.

-Дугаарын хязгаарлалт, машины татвар гээд энэ хатуу хахир зохицуулалтууд чинь үр өгөөжөө өгөхгүй байгаа юм бишүү? Автомашины улсын дугаар шагийн наймаанд шилжиж автомашины үнэ улам өссөнөөс биш хэрэглээ огт хумигдсангүй. Нэг л шийдвэр нүдээ олохгүй байх шиг. 2,8 их наяд төгрөгөөр ган татлагат гүүр барина гээд байгаа шүү дээ. Төрийн ордноос Хөшигийн хөндий орох юм уу даа. Богд уулыг 5,5 их наядаар нүхэлнэ гээд байна. Хүннү хот руу очих юм шиг байгаа юм. Энэ бүгд бидэнд яг хэрэгтэй зүйл мөн үү? Нийтийн тээвэр зам харгуйгаа эхэлж анхаарах уу? Аль нь эрэмбийн эхэнд байх ёстой юм бэ?

-Миний зарчим бол өөрчлөгдөхгүй. 1-р Нийтийн тээвэр, 2-рт дугуйн зам талбай, явган хүний алхах зам. Харин чиний хэлсэн тэр 2 төслийн тухай зам тээврийн яамны хүнээс лавласан нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Бодлогын хувьд асууж байгаа юм л даа. Таныг мэргэжилтний хувьд асууж байгаа юм.

– Хамгийн зөв шийдвэр гэдэг хамгийн хямдхан шийдэл л байдаг. Иргэдийн хамгийн хүсэж байгаа зүйл л чухал. Иргэдээ сонсож, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах нь чухал. Манайхан бол төлөвлөгөөний дагуу л ажиллах чухал. Төлөвлөөгүй ажлыг гэнэт гаргаж ирээд байдаг тал бий.Төлөвлөгөөтэй зүйл бол хүрэх үр нь тодорхой хийх ажил нь тодорхой байдаг. Харин төлөвлөөгүй зүйл бол юу хийх нь тодорхой биш зүйл үргэлж олон нийтэд эргэлзээ төрүүлж тэр нь бухимдал болж хувирч байдгийг бид анхаарах ёстой.

-Миний бодлоор хотын иргэний хувьд таашаал авчихмаар урлагийн бүтээл, үзвэр үйлчилгээний газрууд ч байхгүй болох талдаа болоод байх шиг. Цэцэрлэгт хүрээлэн оръё гэхэд л бөөн түгжрэл. Тэгээд л бөөн стресс. Олон улсад хэрхэн шийддэг юм бэ?

-Тэгвэл би танаас эсрэгээр нь асууя. Та сүүлийн 1 жилийн хугацаанд хорооны нийтийн хуралдаа хэдэн удаа суусан бэ?

-Сүүлийн 2-3 жил суугаагүй юм байна.

-СӨХ-ны хуралдаа хэзээ суусан бэ?

-СӨХ-ны хуралдаа бол суудаг шүү.

-Хот яавал гоё болдог вэ гэхээр хамтдаа шийдлээ гаргаад явбал гоё болдог. Уг нь бидний энэ оролцоог хангах хамгийн анхан шатны нэгж нь хорооны иргэдийн нийтийн хурал, СӨХ-ны хурал юм. Хэрвээ бид хорооны нийтийн хуралдаа суудаг байсан бол амьдарч байгаа газрын маань ойролцоо өндөр барилга баригдах юм уу? Эсвэл ногоон байгууламж бий болгох уу гэдэг талаар мэдээлэлтэй болно. Түүнчлэн өөрсдөө ч шийдвэр гаргалтад тодорхой түвшинд оролцох бололцоотой. Эсвэл таны сая хэлдэг музейтэй болох уу? Үзвэр үйлчилгээний газар шинээр байгуулах уу гэдгийг иргэд оролцоотой байж шийдүүлэх бололцоотой. Манай иргэдийн гол алдаа нь өөрсдөө ямар ч оролцоогүй байсан хэр нь хийгдэж байгаа ажлуудыг шүүмжилсээр л явдаг. Сэтгэл дундуур амьдрадаг. Угтаа бол хот төлөвлөлт гэдэг бол иргэдийн нийтийн оролцоотой салшгүй холбоотой зүйл. Иргэд өөрсдөө хорооны иргэдийн нийтийн хуралдаа бөөндөө суугаад хороондоо өндөр барилга бариулахгүй гээд хэлдэг байсан бол өнөөдөр хороонд нь хэт төвлөрөл бий болохгүй байх байсан. Тэр хорооны сургууль цэцэрлэгт нь хэт олон хүүхэд сурч 2-3 ээлжээр хичээллэхгүй байж болох л байсан.

-Та хотын хаана амьдардаг вэ?

-Баянзүрх дүүрэгт амьдардаг.

-Танай дүүрэг маш олон асуудалтай дүүргүүдийн 1 шүү дээ. Та хорооныхоо нийтийн хуралд өөрөө суусан уу?

-Яг өөрийн хорооныхоо хуралд бол сууж амжаагүй байна. Харин 20 минутын хот төслийн хүрээнд СХД-ийн олон хороодын хуралд суулаа. Оролцоо чухал гэдгийг ойлгуулах гэж хичээж байна.

– Монголчуудын 1 алдаа нь зөвхөн амин хувийн асуудалдаа анхаараад явдгаас болоод тухайн хүний орчин, нийгмийн асуудал нь нэмэгдээд байна шүү дээ. Хандлагатай ч холбоотой юм уу энэ асуудлыг яаж засаж залруулах ёстой юм бол оо?

-Эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх учиртай. Нөгөө талдаа нутгийн зөвлөлийн манлайлагч гэдэг юм уу тийм зүйл Улаанбаатарт үгүйлэгдээд байна. Тиймээс иргэд хорооны нийтийн хуралдаа суудаг болмоор байгаа юм. Гэхдээ бид хурал гээд нэрлэчихсэн нь буруу юм болов уу гэж хараад байгаа. Хуралдах гээгүй хөрштэйгөө зөвлөлдөх гээд байгаа хэрэг шүү дээ. Ялангуяа залуу хүмүүс минь оролцоогоо илүү нэмээсэй. Одоо бид даргын гаргасан шийдвэрийг шүүмжлэх биш өөрсдөө оролцоогоо нэмэх журмаар амьдарч байгаа газраа өөрчлөх хэрэгтэй байна. Сургууль барих уу эсвэл авто зогсоол барих уу? Цэцэрлэг нэмэх үү? Тоглоомын талбай барих уу гэдгээ иргэд ярилцаад өөрсдөө шийддэг болох ёстой. Энэ бол хорооныхоо түвшинд шийдэх бололцоотой ажил шүү дээ. Даргын гарыг харж суух биш өөрсдөө оролцоотой болж амьдрах орчноо өөрчилж сайжруулах бололцоотойг ойлгох чухал.

-Бид өөрсдөө асуудлаа ойлгох, хөрштэйгөө хамтрах тухай асуудал юм байна.

-Хот эсвэл захиргаа шийдэхгүй бол өөрсдөө шийдчих хэрэгтэй. Бүгдээрээ нийлж байгаад мод тарьчих хэрэгтэй. Нийлж байгаад 10 гацуур тарьчихвал тэр та бүхний ногоон байгууламж болно.

-Шийдлээ өөрөө олдог тэр нийгмийг л хотын иргэн би хүсээд байна л даа. Нэг өглөө босоод ирэхэд нь замыг нь хаагаад хаячихдаг, 1 өглөө босоод ирэхэд дугаарын хязгаарлалт хийчихдэг, 1 өглөө босоод ирэхэд хотынх нь нэрийг нь сольчихдог ийм нийгмийг би хүсэхгүй байна.

 -Энд 1 зүйлийг тодруулъя. Хороон засаг даргыг томилох биш. Тухайн хороонд амьдардаг хүнээр засаг даргыг нь хийлгэх хэрэгтэй. Хаа байсан өөр дүүрэг хорооноос хүн авчирч тавихаар тухайн орон нутгийг асуудлыг тэнд амьдардаг хүмүүс шиг мэдрэхгүй байна. Хорооны ИТХ оршин суугчдаас бүрддэг. Тэд бөөндөө ярилцаад дундаасаа даргаа томилоод энэ асуудлаа дүүргийн засаг даргын өмнө хамгаалдаг байх ёстой болчхоод байгаа гэсэн үг л дээ.

 -Аймгийн төвүүдийг хот болгоно. Улаанбаатар хотыг олон дагуул хоттой болгох асуудал яриад л байна. Та хотоор мэргэшсэн хүн. Энэ боломжтой юу?

-Их олон хотуудыг цаасан дээр зурчихсан байгаа. Би харсан. Налайх, Багануурт их сургуулиудын хотхон барьж үзлээ. Майдар сити гэж зурж үзлээ. Одоо Хүннүг зурж байна. Шинэ Хархорум хотыг зурж байгаа. Монгол улсад 5 том хотыг барих мөнгө байхгүй. Энэ хэдээс хамгийн хурдан босох магадлалтай нь Хүннү байх гэж харж байна. Нисэх онгоцны буудал байгаа учраас төвлөрөл үүсэх бололцоотой. Эдийн засгийн хөшүүрэг байна гэсэн үг л дээ. Бүсчилсэн хөгжлийг бий болгохын тулд Дархан, Эрдэнэтийн хүн ам 200 мянгад хүрэх учиртай. Чойбалсан, Ховд, Өлгий гэдэг хотуудын хүн ам 100 мянга хүрэх учиртай. Төр дэд бүтцийг л хийнэ. Байшин барилгыг хувийн хэвшлийг хийдэг.

-Та 126 гишүүнтэй анхны парламентын 1 төлөөлөл гэдэг утгаар асууя. Та ажиллаж байгаа энэ их хурлаа хэрхэн дүгнэх вэ?

-Сурах зүйл ихтэй. Зөв зүйл рүүгээ тэмүүлж байгаа нь надад мэдрэгдэж байгаа. Ялангуяа мэргэжил мэргэжлийн салбараас төлөөлөл орж ирсэн. Тухайлбал анагаахын салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хүний эрх, хүүхдийн эрх ярьдаг хүмүүс байна. Дэрээс нь нэмээд эдийн засаг, худалдаа аж үйлдвэр, IT, эрчим хүч гээд ийм олон арвин туршлагатай хүмүүс 1 ангид сууж байгаа нь давуу тал гэж хардаг. Янз бүрийн асуудал гарч, хуулийн төслүүд орж ирэхэд бие биеээсээ суралцах боломж маш ихтэй. Эмчээс онош сонсож байгаа юм шиг мэдлэг мэдээллээ хуваалцаад тал талаас нь хараад яриад хэлэлцээд явах бололцоотой. Дээр нь олон улсын жишгийг харьцуулаад явах бололцоотой. Жинхэнэ бодлогын мэтгэлцээн парламент дээр өрнөх боломж бий. Өмнөх парламент ямар байсныг би сайн мэдэхгүй.

-Одоо гайгүй болчих шиг боллоо. Эхэн үедээ манай парламентад жагсаалтаар орж ирсэн гишүүд нийгмийн анхаарлыг их татаж байсан. Аахар шаахар асуудлаар хөөцөлдөөд байгаа ч юм шиг. Та ер нь жагсаалтаар орж ирсэн гишүүдийнхээ тухай ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Би тойргоос сонгогдож орж ирэн гишүүдийг их хүндэлдэг. Тэднээс сурах зүйл ч их бий. Улс орны түвшинд харахаар тойргоос сонгогдсон гишүүд маш завгүй юм билээ. Чуулган завсарлахаар тойргоороо явж иргэдтэй уулзах ажилд их хугацаа зарцуулагддаг. Тэдний зүгээс маш их мэрийлттэй ажилладаг. Баруун бүсийн аймгуудад ямар асуудал байгаа юм,зүүн бүсийн аймгуудад асуудал ямар байдаг юм гэх зэргээр. Саяхан гурилын татварын асуудал орж ирлээ. Баруун бүсийн иргэдэд гурил татваргүй байвал хэрэгтэй байдаг. Хойд бүсэд асуудал арай өөр. Өөрсдөө гурил үйлдвэрлэгч учраас гурилын бизнесийг нь хамгаалах асуудал чухал байдаг. Зөвхөн жагсаалт гэлтгүй тойргийн гишүүдийн оролцоо ч их байна. Гэхдээ жагсаалтын гишүүдийн тухайд дан мэргэжлийн чиглэлийн хүмүүс байх ёстой харагдаж байгаа. Жагсаалтын гишүүд парламентад оруулж ирэх нь маш зөв бодлогын шийдвэр байсан байжээ гэж харсан.

-Миний асуултын санаа нь жагсаалтын гишүүд тааруу байгаад эсвэл намын даргын кноп шиг байвал дараагийн сонгуулиар иргэд жагсаалтын гишүүдэд итгэх итгэлээ алдчих юм биш үү гэдэг санааг л асуугаад байгаа юм.

-Жагсаалт байна уу тойрог байна уу УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой. Нийгэмд олон янзын хүмүүс байдаг. Парламент төлөөлөл нь шүү дээ. Олон талаас нь асуудлыг үнэлж дүгнэж чаддаг байж гэмээнэ 2028-2032 оны сонгуулиудад мэдрэгдэх биз.

-Та Евроазийн хэлэлцээрийг оруулж ирснийг дэмжиж байсан уу? Энэ талаар ямар бодолтой байсан бэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлаа маш сайн судалж байж гаргах ёстой шийдвэр. МУИС-ийн багш нар, судлаачдын бичсэн судалгааг уншсан. Маш няхуур хандах ёстой сэдэв юм билээ.

-Таны шийдэл Евроазийн хэлэлцээрт Монгол улс орох юм уу эсвэл түр түдгэлзүүлээд байж байх юм уу?

-Татварын хөнгөлөлтөд хамруулах бүтээгдэхүүний жагсаалтууд байна лээ. Тэр жагсаал манайд ашигтай юу үгүй гэдгээс хамаарна. Ахиад хэлэлцээр хийж бид ийм хэлэлцээрт гарших учиртай.

-Хамгийн сүүлд Киргиз орсон. Манай улс тухайн улс орнуудын стандартыг хангаж чадах уу гэдэг асуудал бий шүү дээ. Онгоцны түлшний үйлдвэрийг ОХУ-тай хамтран байгуулах асуудал ч орж ирсэн. Энэ асуудалд та хэрхэн хандаж байсан бэ?

-Бизнесийг хувийн хэвшлийнхэн хариуцах нь зүйтэй гэж би боддог. Төр бизнес хийгээд төрийн өмчит компани байгуулаад бензин борлуулаад байх өөрөө зохимжгүй. Төрийн оролцоогүй болоод байгаа салбар шүү дээ. Нөгөө талаар бид Япон улстай шинэ нисэхийнхээ менежментийн гэрээг хийсэн. Тэгснээ түлш цэнэглэх борлуулах эрхийг нь хойд хөршийн оролцоотой компанид өгнө гэсэн юм яриад байсан шүү дээ. Тэр заалт их эргэлзмээр санагдаж байсан. Монгол улсын ЗГ өмнө нь гэрээ хийчихсэн байсан зүйлдээ  хариуцлагатай хандах ёстой. Худлаа ярьж болохгүй шүү дээ. Гэрээ хийсэн газартаа ч тэр ард иргэддээ ч тэр. Хөршүүддээ ч мөн ялгаагүй. Зөв зарчимтай, тууштай байх ёстой. Тийм учраас аливаа санал, асуудлыг ул суурьтай судлах учиртай. Энэ ч үүднээсээ засгийн газрыг буцаагаад татаж авсныг зөв гэж харж байгаа.

-Албан тушаалд байгаа эрхмүүд хариуцлагыг юу гэж харах ёстой вэ?

-Хариуцлагыг би 1-рт мэндийн зөрүүтэй байх, 2-рт цаг барих, 3-рт худлаа хэлэхгүй байх. Энэ 3 зарчмыг баримталдаг хүнийг би хариуцлагатай хүн гэж хэлнэ.

-Хариуцлага хүлээлгэх үндсэн шаардлага хэрхэн үүсэх вэ?

-Алдаа гаргасан бол тэрийгээ хүлээн зөвшөөрөөд уучлал гуйгаад ажлаа үргэлжлүүлдэг байх ёстой. Хариуцлага хүлээсэн хүлээгээгүй гээд хэрүүл дагуулаад явах байх өөрөө онц биш асуудал. Харин бид өөрсдөө УИХ-ын гишүүдээс хариуцлага шаарддаг болох их чухал. УИХ-ын гишүүн ирээдүйн төлөөх ажлыг хийнэ, ЗГ өнөөдрийн ажлыг хийнэ. Өнгөрснийг дүгнэх ажлыг шүүх засаглал хийнэ. Бид өнөөдөр дээд шүүхийн шүүгчдийг таньдаг болов уу? 126 гишүүнийг тодорхой хувиар нийгэм таньдаг байх. Дээд шүүхийн шүүгчид, ҮХЦ-ийн гишүүдийг бид хэр зэрэг мэдэх вэ? Зөв субъектээсээ зөв шаардлагаа нэхэх гэдэг тун чухал. Энэ 3 тогтолцоо хоорондоо холилдох юм бол эрсдэлтэй.

 -Монгол улсад эрх чөлөө, үнэт зүйл улам бүр багасаад байна гээд яриад байна.

-Чөлөөт хэвлэлтэй аль ч улсад ийм байдаг шүү дээ. Японд би 10 гаруй ажиллаж амьдарсан. Тэнд бас хэвлэлээр нь дүүрэн л хэрүүл байдаг. Гол нь тэр мэдээллийг авч байгаа иргэд өөрсдөө зөв дүгнэлтээ гаргаж чаддаг байх их чухал. Сайн мэдээ, сайжирч байгаа мэдээлэл ч бий. Гол нь иргэд өөрсдөө муу мэдээлэл рүү илүү туйлширдаг. Түүнчлэн сэтгүүлчид маань бас өөрсдөө ёс зүйтэй ажиллахад анхаараасай гэж боддог. Монгол улс бол гэхдээ маш чөлөөтэй ажиллаж чаддаг ч гэсэн илүү хөгжих шаардлагатай гэж хардаг. Нэмж дурдахад төмөр замын гэрээг хийж чадлаа, бусад олон чухал нийгэм эдийн засагт хэрэгтэй олон  зүйлийг хийж чадсан. Өнгөрсөн намрын чуулганаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлбэл ААН-ын орлогын албан татварын 1 хувийг хөнгөлнө гэж шийдсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС шийдэгдсэн гээд ийм сайн шийдвэрүүд бас зөндөө гараад байгаа гэдгийг ойлгоосой гэж боддог. Засгийн газар ирэх жилийг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. 200 гаруй сургууль цэцэрлэг барина гэж байна зэрэг ийм мэдээллүүд уг нь гараад л байгаа юм. Гэхдээ хэрүүлийн сэдэвтээ илүү ач холбогдол өгөөд байх шиг. Тиймээс иргэд өөрсдөө цензуртэй хандаасай.

-Та хамтарсан засгийн газрыг юу гэж боддог вэ?

-Ажил нь бол маш урагштай явж байна. Маш хурдтай ажиллаж чадаж байна гэж харж байна. Том төслүүдийг бүгдийг нь хөдөлгөж чадсан. Жил ч болоогүй байгаа энэ засгийн газрыг илүү удаан ажиллах ёстой гэж бодож байгаа. Засгийн газрын үр ашиггүй тогтолцоо их байгааг шүүмжилж байгаа хүмүүс олон байна. Энэ нь тогтолцоо эрүүл байгааг харуулж байгаа зүйл гэж харж байна л даа. Засгийн газрыг 100 хүний 200 нүд харж ажиглаж байгаа гэдгийг хэлье.

-Урилга хүлээн авч ирж бидэнд үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө мэдээллээ харамгүй хуваалцаад яваарай гэж хувийн зүгээс хүсье.

-Нэр хүндтэй нэвтрүүлэгтээ урисанд баярлалаа. Утааг дулаалгаар, түгжрэлийг нийтийн тээврээр, хотын асуудлыг иргэдийн оролцоогоор шийднэ. Энэ 3-ыг л манай хот сууринд амьдрадаг иргэд бүгдээрээ ойлгох хэрэгтэй.

– Баярлалаа.


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *