Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсноос засаг төрөө огцруулж ажлаа өгсөн нь дээр гэдэг сонголт хийсэн өдрүүд үргэлжилж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын гомдогсод олон төрсөн учраас намынх нь шахаа ч Л.Оюун-Эрдэнэд чамгүй их байсан нь хамтарсан засгаа татан унагаах бас 1 шалтгаан болсон ч байж мэднэ. Ямартаа ч МАН-ын 6-р бага хурлаас хамтарсан засгаас АН-ыг гаргах шийдвэр гарч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгөх нь тодорхой болоод байна.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн болох нь улс төрийн анхаарал татсан сэдвүүдийн 1 болоод байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ нэгэнт ажлаа өгч байгаа учраас түүний оронд очих хүнийг сонгоход, Ерөнхийлөгчийн нөлөө тун чухал байр суурийг эзлэх нь тодорхой байна.
Дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг оч гэсэн чиглэл Төрийн тэргүүн өгсөн тухай яригдаж байгаа ч цахим орчинд спикер өөрөө энэ саналаас татгалзсан сураг гараад байгаа юм. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын 2 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, улс орныг удирдан жолоодох үүрэг хариуцлага баргийн хүнд олдоод байх завшаан биш учраас Д.Амарбаясгалан уг саналыг хүлээн авах магадлалтай.
МАН-ын бага хурлаар дараагийн Засгийн газрыг байгуулахдаа АН-тай хамтрахгүй гэснээс ХҮН-ыг хасна гэсэн яриа хэлцэл огт гараагүй юм. Тэгээд ч МАН-ын өөрсдөө хийж чаддаггүй аахар шаахар ажлыг өнөөдрийг хүртэл үнэнчээр гүйцэтгэж ирсэн ХҮН-ыг Д.Амарбаясгалан дарга орхихгүй гэдэг нь тодорхой. Хэрэв Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын үүргийг хүлээн авбал ХҮН-ын засагт эзлэх байр суурь өөрчлөгдөхгүй.
Харин ИЗНН, Үндэсний эвсэлд 1, 1 сайдын суудлаар хадаг барина гэсэн сураг дуулдаад эхэлжээ. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байгаа МАН, ХҮН-ын сайд нарыг дараагийн Ерөнхий сайд өөрчлөхгүй байх магадлал бий. Гэхдээ шинэ засаг төрийг хүлээн авсан хүн мэдээж хуучин гал тогоог үргэлжлүүлэхгүй нь тодорхой учраас нэн тэргүүнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарыг сугалах магадлал өндөр байгаа юм. Энэ томилгоонд Ерөнхийлөгчийн нөлөө тун их учраас Төрийн тэргүүний үеэл Б.Жавхлан сангийн сайдаас буусан ч чамлахааргүй албан тушаалд очих нь гарцаагүй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг муухай харагдуулахад онцгой үүрэгтэй ажилласан УИХ-ын гишүүдийн нэг нь Б.Энхбаяр. Өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тэрээр мэдээж шагналаа шат ахиулж авахыг хүсэх нь дамжиггүй. Гэхдээ түүнд багийн дэмжлэг бага учраас Ерөнхий сайдын итгэл хүлээлгэх нь юу л бол. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болбол түүний суудлыг Б.Энхбаярт өгөх магадлал байж мэдэх юм.
Л.Оюун-Эрдэнийн санхүүг атгаж байсан Б.Жавхлангийн оронд Г.Тэмүүлэнг томилж магадгүй гэдэг сураг ч яригдаж байна. Харин Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Я.Содбаатарт Н.Учралын ажил оногдох магадлал байж магадгүй. Гэхдээ Я.Содбаатар өмнө нь хийж байсан хэрэг эрхлэхийн даргын суудлыг голж, Ерөнхий сайдын сэнтийд санаархахыг ч үгүйсгэх аргагүй.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 8 сайдын суудал АН-д байгаа. Харин хамтарсан засаг тарснаар энэ 8 суудлаас 2 нь шинээр хадаг тавих ИЗНН, Үндэсний эвсэлд очиж, үлдсэн 6 нь МАН-ын гомдогсдод оногдож таарна. Мэдээж парламентад улиран суусан цагаас чамгүй хүлээж байгаа гишүүд сайдын суудалд тухлахыг хүснэ.
Тэдний дунд Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа зэрэг гишүүдийн нэр яригдаж байна. Гэхдээ одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ хараахан огцрох өргөдлөө өгөөгүй бөгөөд сайд нарын суудал ч хараахан сулраагүй байгаа билээ. Ирэх даваа гарагт МАН ахин бага хурлаа хийж, их хурлаа зарлахаар товлоод байна. МАН их хурлаараа намын даргын асуудлыг ярьдаг. 100 жилийн түүхтэй ах нам дараагийн Ерөнхий сайдыг тодруулсны дараа УИХ-ын чуулганаар одоогийн Засгийн газрыг буулгаж, шинэ засаг төр байгуулах ажил яригдах учиртай. Энэ хаврын улс төрөөс сандал суудлын томилгооноос илүү үр дүн хүлээгээд нэмэргүй нь ямартаа ч тодорхой боллоо.