Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Еврейчүүдийн музейн гадна Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд шүүхээс ялын дээд хэмжээ оноож магадгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна.
АНУ-д суугаа Израилын ЭСЯ-ны хоёр ажилтан болох Израилын иргэн Ярон Лисчинский, АНУ-ын иргэн Сара Милгрим нарыг буудан хороосон хэргийн сэжигтэн болох 30 настай, АНУ-ын иргэн Элиас Родригезыг цагдаа нар хэргийн газар баривчилсан бөгөөд түүнийг баривчлах үед “Палестиныг чөлөөл” хэмээн орилж, хашгирч байсан талаар цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Дээрх хэргийг эхний ээлжинд үзэн ядах сэдэл бүхий гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ба түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг болон мөн гадаад улс орны албан хаагчийн амь насанд халдсан, галт зэвсгийн гэх зэрэг өөр бусад олон хэрэгт буруутгаж байгаа ажээ.
АНУ-ын шүүгч Жеанин Пирро пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг хэргийг “цаазын ял сонсч болох хэрэг” хэмээн тодорхойлж, одоогийн байдлаар прокурорууд түүнд цаазын ял төлөвлөх эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна гэжээ.
Сэжигтэн Э.Родригез хүн амины хэрэг үйлдэхдээ 2020 оны 3-р сард Иллинойс мужаас хууль ёсны дагуу өөрийн нэр дээр худалдаж авсан 9 мм-ийн гар буу ашигласан байна.
Албаныхны зүгээс түүнийг хүн амины хэрэг үйлдэхээсээ нэг хоногийн өмнө ажлынхаа шугамаар хуралд оролцох нэрийдлээр Вашингтон хотод ирсэн талаар мэдээлж, тус хотод ирснээс баригдах хүртэлх үйлдлүүдийг нь шалгаж, судалж байгаагаа мэдэгджээ. Сэжигтний нийгмийн сүлжээний хаягуудыг нь судалж үзэхэд тэрээр өнгөрсөн жилээс эхлэн Чикаго хот дахь Америкийн остеопатик эмчилгээний мэдээллийн холбоонд захиргааны мэргэжилтнээр ажиллаж байсан байна.
Түүний хэрэгтэй холбогдох анхны шүүхийн сонсгол пүрэв гарагт явагдсан бол дараагийн сонсголыг ирэх сарын 18-ны өдөр явуулахаар товложээ.
Лхагва гарагт амиа алдсан Израилын ЭСЯ-ны хоёр ажилтан удахгүй сүй тавих гэж байсан хосууд байсан талаар Израилаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ечил Лейтер хэлсэн байна.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху уг халдлагыг “еврейчүүдийн эсрэг үзлийн үүднээс үйлдсэн аймшигтай хүн амины хэрэг” хэмээн тодорхойлж, дэлхийн өнцөг булан бүрт Израил улсыг төлөөлөн ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын аюулгүй байдал, хараа хамгаалалтыг чангатгах болно хэмээн нэмж хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч, Израилын ерөнхий сайд нар мөн уг хэргийн талаар утсаар холбогдон ярилцах үеэр Трамп Нэтаньяхуд эмгэнэл илэрхийлжээ.