МАН-ын VI бага хурлынхаа шийдвэрийг танилцуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдэв. Тус намын бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хуралдаа иржээ. Нууцаар санал хураахад тэдний 62 хувь нь хамтарсан Засгийн газрыг тараах санал өгсөн байна. Уг хурлаар тус намын гишүүд асуудаа ний нуугүй, нухацтай ярилцсан гэнэ. Тэдний шийдвэр 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд шууд нөлөөлнө гэж хуралд оролцогчид үзжээ.
АН-ЫГ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ
- УИХ-ын байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд хангалттай оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.
- Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.
- АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан. Гэвч энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн барьсангүй.
- АН-ын гишүүд (УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа) “Огцрох амархан” жагсаалд оролцон, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан. Сөрөг хүчин мэт ажиллаж байна.
- Орон нутагт АН улс төрийн томилгоо их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор нь чөлөөлсөн. Жишээ нь, С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болсноор энэ салбарт халгаа сэлгээ их хийсэн. Ерөнхий сайдын хүүгийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн сүйт бүсгүйдээ өгсөн тансаг бэлгүүдээс энэ бүхэн эхэлсэн. Иймд бага хуралд оролцогсод хүүхдээ сайн хүмүүжүүлээгүй гэж Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж, орлогоо шударгаар нотлохыг шаарджээ.
Ерөнхий сайд хариуд нь “Миний хүү сүйн бөгж өгсөн нь үнэн. Өөр, үнэтэй бэлэг өгсөн гэдэг нь худлаа. Би орлогоо нотлуулна. Гэхдээ үүнд цаг их орно. Улс төр яваад байна. Би нэрээ цэвэрлэнэ. Та нар битгий санаа зовоорой. Надад итгэж болно” гэж хариулжээ.
МАН-ын Бага хурлын шийдвэр эцсийнх. УИХ дахь тус гишүүд, намын бүлэг энэ шийдвэрийг дагана. Дагахгүй бол хариуцлага тооцохоор тус намын дүрэмд тусгажээ.
Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа бусад намтай хамтрах эрхийг шинэ Ерөнхий сайдад нээлттэй үлдээжээ.