Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс энэ оны I улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил, түүнийг шийдвэрлэсэн байдлыг судалсан байна. Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш төлөөгүй бол хүүхдийн эрх зөрчсөнд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нар ийм зөрчил гаргасан хүмүүст хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй, хариуцлага тооцдоггүйг уг шалгалтаар тогтоожээ. Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6236 хэргээс 3382 иргэн хүүхдийнхээ тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2854 хүн хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй байна.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1822 төлбөр төлөгч байна. Үүний 51 хувь буюу 935 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгаж хүүхдэд нь өгөх ажиллагааг явуулаагүй нь уг шалгалтаар илэрлээ. 25 хувь буюу 460 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгах боломжгүй, 14 хувь буюу 264 хүн оршин суугаа газрынхаа хаягийг өөрчилсөн тул тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж. 8 хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа бол 2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол Улсын хилээр гарсан байна.