АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 877 хэрэг шалгагдаж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 907 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Улмаар гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 877 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв хэмээн Авлигтай тэмцэх газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *